“Та хүүхдээ зөв хүмүүжүүлж байгаа юу?” хэмээн асуувал ихэнх эцэг эхчүүд тийм гэж хариулах байх. Үнэндээ зарим нэг тохиолдолд бид сэтгэл хөдлөлдөө автан хүүхдээ шийтгэх ёстой хэмжээнээс нь хүчтэйгээр шийтгэчихдэг. Мэдээж энэ бүхэн хүүхдийн сэтгэлзүйн хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна.
Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хүүхдийнхээ сэтгэлзүйд толбо үүсгэхгүйгээр шийтгэж сурахад тань туслах зөвлөгөөг хүргэж байна.
- САНААТАЙГААР БУРУУ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ БОЛ ШИЙТГЭХ ГЭЖ ЯАРАХГҮЙ БАЙХ
Хүүхдийн сэтгэл цагаан цаас шиг байдаг шүү дээ. Тиймдээ ч хүүхэд санаатайгаар нэг нэгнийг гомдоож, бэртээж, юмсыг эвддэггүй. Хорвоо ертөнцтэй танилцах энэ аяллынхаа туршид санаандгүй байдлаар сөрөг үр дагавар бүхий үйлдэл хийх нь бий.
Хүүхэд санаандгүй байдлаар алдаа гаргасан бол өрөвч нинжин сэтгэл гарган шийтгэхээс зайлсхийж, асуудлыг хамтдаа шийдвэрлэх талаар ярилцаарай.
- СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛДӨӨ АВТАН ШИЙТГЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ
Хүүхэд үгэнд нь ороогүй тохиолдолд маш их уурлаж, сэтгэл хөдлөлдөө автсандаа хэтрүүлэн шийтгэх гэдэг хандлага эцэг эхчүүдийн дунд түгээмэл. Энэ бүх сэтгэл хөдлөл таны хүүхдэдээ тавьсан өндөр хүлээлтээс үүдэлтэй гэдгийг ойлгоорой.
Хэн нэгэн бидний бодсон шиг байгаагүй үед урам маш хүчтэй хугардгийг бид бүгд мэднэ. Гэхдээ хүн бүр таны төсөөлсөн шиг байх боломжгүй шүү дээ. Тиймээс энэ үед сэтгэл хөдлөлөө дарахыг хичээгээрэй.
- ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ШИЙТГЭХГҮЙ БАЙХ
Хүүхэд хэчнээн буруу үйлдэл хийсэн ч бай түүнийг олон нийтийн газар, цугласан хүмүүсийн өмнө шийтгэх нь хүүхдэд ичмээр, дургүй хүрмээр мэдрэмж төрүүлдэг. Яг л үүний адилаар хүүхдээ олон хүмүүсийн өмнө магтах нь тэднийг биеэ тоосон нэгэн болоход хүргэнэ.
Тиймээс хүүхдээ хэт магтах болон шийтгэхийн аль алиныг олны нүдэн дээр хийхээс зайлсхийгээрэй.
- ШИЙТГЭМЭЭР БАЙГАА БОЛ ӨӨРӨӨ Л ШИЙТГЭ
Хүүхдээ “чамайг ингээд байвал энэ ах чинь аваад явчихна шүү” гэж айлгадаг бол яг одооноос болиорой. Ийм үг сонсож өссөн хүүхэд бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг нэгэн болох хандлагатай байдаг. Мөн “ингэхээ болихгүй бол цагдаад өгнө дөө” гэж айлгах нь ч буруу. Цагдаа бол зөвийг хамгаалж, бурууг шийтгэдэг хүндтэй хүн шүү дээ.
Сэтгэлзүйчид хүүхдийг шийтгэнэ гэж айлгачхаад шийтгэлгүйгээр орхих нь шийтгэхээсээ ч муу үр дагаврыг дагуулдаг гэжээ. Учир нь энэ үйлдэл олон давтагдсанаар эцэг эх нь хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүс гэсэн ойлголттой болж, эцэг эхдээ итгэхээ больдог.
Үнэхээр л шийтгэнэ гэж айлгахад тэд буруугаа аль хэдийнэ ухаарсан бол буруугаа ойлгосон болохоор л шийтгэхээ больж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Юунаас болж муудсанг нь мэдэхгүй байж өөрийн үзэмжээр хэн нэгнийг нь буруутгах нь маш том алдаа. Шийтгүүлсэн хүүхэд эцэг эх нь өөрт итгэдэггүй, шийтгүүлээгүй өнгөрсөн хүүхэд эцэг эх нь өөрийг нь юу ч болсон өмгөөлдөг гэсэн ойлголттой болох сөрөг үр дагавартай.

















