Улаанбаатар хотын Төмөр замын төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд судлалч, Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Г.Насантогтох “Улаанбаатар хотын 6-8 насны хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тодорхойлсон дүн” нэртэй судалгаа хийжээ. Судалгаагаар гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ орон сууцан дахь хүүхдүүдийнхээс өндөр гарсан байна. Энэ нь ямар эрсдэлтэй болоод хэрхэн сэргийлэх талаар эрдэмтэн Г.Насантогтохтой ярилцлаа.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХАР ТУГАЛГАНЫ ЭРСДЭЛД ИЛҮҮТЭЙ ӨРТДӨГ

-Та судалгаандаа 6-8 насны хүүхдүүдийг хамруулсан. Яагаад энэ насныхныг онцолсон юм бэ?
-Хүүхэд бага тусмаа хар тугалганы эрсдэлд илүүтэй өртдөг гэсэн олон улсын судалгаа бий. Миний хувьд Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхныг сонгосон. Цэцэрлэгийн насныхныг хамруулах боломж байсан ч сургуулийн хүүхдүүдийн оюуны чадамжийг харьцуулах зорилгодоо нийцүүлсэн юм. Гэхдээ тухайн үеийн нөхцөл байдлаас IQ тест авч чадаагүй. Монгол улсад нэгдсэн хэмжээгээр авдаг тест, шалгуур байдаггүй. Олон улсынхыг хөрвүүлбэл Монгол хөрсөн дээр сайн буухгүй гэж үзээд багш нарынх нь үнэлгээгээр харьцуулалт хийсэн.

-Хар тугалгын хордлогод том хүнээс илүү хүүхэд өртдөг гэлээ. Учир шалтгаан нь юу юм бол?
-Хүүхэд том хүнээс биеэр жижиг учраас газрын хөрстэй ойр байдаг. Тиймээс орчны бохирдолд өртөмтгий байх магадлал их. Бага насны хүүхэд амаараа эргэн тойрноо мэдэрдэг учраас хоол боловсруулах замаар илүүтэй хордлогод ордог. Өөрөөр хэлбэл амьдралын зан үйлээс хамаарч том хүнээс илүү хүүхэд өртөөд байгаа юм.

-Ер нь энэ судалгааг яагаад хийх болсон бэ?
-Хүүхэд хар тугалгын хордлогод орох үзэгдэл нийгэмд тулгамдсан асуудал болсныг Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн төгсөх курсийн оюутан байхдаа удирдагч багштайгаа ярьж байлаа. Тиймээс багшийнхаа санал болгосноор энэхүү бодис нь хүүхдийн оюуны хөгжилд хэрхэн нөлөөлж буйг судалж үзэхээр шийдсэн. Мэдээж энэ нь Монгол улсын хэмжээнд анх удаагаа хийгдсэн судалгаа биш. Өмнө нь хийсэн хэд хэдэн судалгаа бий. Тэр үед хүүхдийн цусанд хар тугалга их хэмжээгээр илэрч байсан.

-Хүүхдийн цусан дахь хар тугалгыг тогтоох шинжилгээ өмнө хэд хэдэн удаа хийгдэж байсан гэлээ. Тэгвэл таны судалгаа юугаараа онцлог юм бэ?
-Өмнөх шинжилгээнүүд Монголд хийгдээгүй, ОХУ-руу зөөвөрлөж хариуг нь тогтоосон. Харин бид энд өөрсдийн багаж, тоног төхөөрөмжөөр түргэвчилсэн хугацаанд авсан. Нэг ёсондоо гурван минутын дотор хариу гардаг багаж ашиглаж, өндгөнд хатгалт хийсэн юм. Өөрөөр хэлбэл тэр дор нь хариуг гаргаж, хүүхдүүдийн эцэг эхэд зөвлөгөө өгсөн. Түргэвчилсэн байдлаар хар тугалгын шинжилгээ хийснээрээ давуу талтай. Тэгээд ч өмнө нь судалгаа хийгдсэнээс хойш 7-8 жил өнгөрсөн байна. Тиймээс харьцуулж үзэх нь чухал байлаа. Хамгийн их хүн амтай Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дөрвөн сургуулийн 160 орчим хүүхдээс шинжилгээ авсан. Хязгаарлагдмал тал аль ч судалгаанд байдаг. Тэгэхээр нутаг дэвсгэрийг бүрэн хангаж чадахгүй сул талтай. Судалгааны зөвлөмж дээрээ цаашид улсын түвшинд хар тугалгыг тодорхойлж, эх үүсвэрийг нь тогтоох шаардлагатай гэж бичсэн.

ХҮҮХДҮҮДИЙН 60.1 ХУВЬД НЬ ХАР ТУГАЛГЫН ХЭМЖЭЭ ЗӨВШӨӨРӨГДӨХ ХЭМЖЭЭНЭЭС ИХ ГАРСАН

-Таны судалгаанд оролцсон ихэнх хүүхдийн цуснаас хар тугалга илэрсэн гэж байсан?-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Өвчний хяналт сэргийлэлтийн олон улсын төвөөс 2012 онд цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл-ээс дээшээс гарсан тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ гэж заасан. Харин судалгаагаар шинжилгээ өгсөн 153 хүүхдийн 60.1 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх хэмжээнээр их байсан.