Аав ээж нь хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаг байснаар олон эрсдлээс хүүхдээ хамгаалах боломжтой. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хүчирхийллээс урдьчилан сэргийлж, хамгаалахын тулд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байх ёстой талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэгтэй ярилцлаа.
ҮЛ ОЙШООХ БАЙДЛЫГ ЭЦЭСЛЭСЭН ЦАГААС ХҮҮХЭД НЭЭЛТТЭЙ БОЛНО
-Аав ээжүүд хүүхэдтэйгээ багаас нь нээлттэй харьцвал хүүхэд өөрт нь тохиолдсон хүндрэл бэрхшээлийг дотроо нуулгүй явах байх. Дээр нь хүүхдэд бэлгийн хүчирхийллийн талаар тун эвтэйхнээр хэрхэн ойлгуулах вэ?
-Хүүхдэд бэлгийн хүчирхийлэл гэдэг үгийг сонсох хүнд, өөрийнх нь магадгүй ойлгогдохгүй үг байх болов уу. Монгол эцэг эхчүүдэд хамгийн нийтлэг зүйл бол хүүхэдтэйгээ юм ярихгүй байх, асуулт асуухгүй байх, асуусан асуултад нь хариулахгүй байх, үл хайхрах байдлыг үүсгэдэг.
Сэтгэл санааны болон бие бялдар, бэлгийн хүчирхийлэл гэхээс илүүтэй эхлээд хүүхэдтэйгээ ярилцаад сурчих.
Үл хайхрах бол хүчирхийллийн хамгийн түгээмэл бөгөөд хамгийн хор хөнөөлтэй хэлбэр. Ээж аавууд би хүүхдээ загнаагүй, зодоогүй, хийх юмаа л хийж байсан, хүүхэд маань ч хийх юмаа хийж л байсан гэж боддог. Гэтэл үнэндээ хүүхдээ хүн гэдэг талаас нь харахгүй, харьцахгүй болоод ирэхээр хүүхэд өөрөө үгүйсгэгдэж байгаа юм шиг, огт байхгүй, оршихгүй байгаа юм шиг мэдрэмжийг авдаг.
Сэтгэл санааны болон бие бялдар, бэлгийн хүчирхийлэл гэхээс илүүтэй эхлээд хүүхэдтэйгээ ярилцаад сурчих.
-Тэгвэл эцэг эх нь хүүхэдтэйгээ хэрхэн ярилцах вэ?
-Манай ээж аавуудад байдаг нийтлэг алдаа хүүхдэдээ өөрсдөө сэтгэлээ нээж ярьдаггүй байж хүүхдээсээ олон асуулт асуудаг. Ингэхээр хүүхдэд байцаагдаад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрнө.
Аав ээж нь өөрсдөө хүүхдүүддээ "манай амьдрал ийм байна, бидэнд ийм асуудал байна. Чи юу хүсч мөрөөдөж байна? Аав ээж нь чамайг ийм хүн болоосой гэж хүсч байна" гэх мэтээр эхлээд өөрсдийгөө ойлгуулах хэрэгтэй.
Чимээгүй хүүхдүүдийн сэтгэлзүйг судлахад ихэвчлэн ээж аавууд нь дуугүй хүмүүс байдаг.
Бидэнд тийм чадамж хязгаарлагдмал байдаг. Хэрвээ тийм бол ээж аавууд мэргэжлийн хүмүүст ханд. Мэргэжлийн хүмүүст хандаж чадахгүй бол гарын авлага, ном унш. Үгүй бол цахим орчноос хүүхэдтэйгээ харьцах, өөрийгөө зөв илэрхийлэх тухай мэдээлэл авч болно. Эцэг эхчүүд өөрсдөө зөв ярьдаг болбол хүүхэд ярьдаг болно.
Чимээгүй хүүхдүүдийн сэтгэлзүйг судлахад ихэвчлэн ээж аавууд нь дуугүй хүмүүс байдаг. Хүүхдээс юм асуудаггүй, тэр хүүхдэд сонирхолтой байдлаар хандаагүй байдаг. Тэрийг ихэвчлэн хүүхэд “би үүнийг өөртөө хадгалах ёстой юм байна, яриад хэрэггүй юм байна” гэж боддог.
Нөгөөтэйгүүр аав ээжүүд хүүхдээ юм ярингуут нь л буруутгадаг. Тэгэхээр хүүхэд сэтгэлзүйн хувьд дотогшоогоо болж эхэлдэг. "Би юмаа ярих ёсгүй юм байна. Энэ хүмүүс намайг ойлгохгүй юм байна" гэж боддог. Энэ нь хүүхдийг эрсдэлтэй байдал руу түлхээд байгаа юм.
Аав ээжүүд хүүхдэдээ өдөр тутамдаа хараа хяналт тавьж чадахгүй байгаа, тэдэнд хэт найдсан, эсвэл хүүхдээ ойшоодоггүй байдлаас үүдэж гарсан хэргүүд давтамжтай байна.
Албан бус тоогоор 300 шахам ийм хэрэг шүүх дээр очиход үүний ард 300 гэр бүл, 300 хүүхдийн асуудал яригдаж байна. Тэр болгон дээр аав ээжүүд өөрсдөө зөв хандлагатай байх, хүүхэдтэйгээ зөв харилцах, үл ойшоох байдлыг эцэслэсэн цагаас хүүхэд нээлттэй байж эхэлнэ, асуудлаа ярина, ойр дотно байж чадна. Байнга биеэр хараа хяналт тавьж чадахгүй юм гэхэд сэтгэл санааны хувьд хараа хяналттай байна гэсэн үг.


















