Агаар бохирдолтой үед нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл мөн автомашины утаа тортог, альдегидууд, кетонууд, азотын давхар исэл, хорт хавдар үүсгэгчүүд, хүхрийн давхар исэл, хар тугалганы нэгдэл зэрэг олон тооны хортой бодисууд амьсгалын замаар дамжин биед шингэж, улмаар дархлааны тогтолцоонд нөлөөлж, чөлөөт радикалууд бий болж, эсийг гэмтээж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Агаарын бохирдлын үед илрэх хордлогын шинж тэмдэг нь толгой эргэх, өвдөх, дотор муухайрах, тайван бус болох, зүрх дэлсэх, амьсгалын тогтолцооны болон мэдрэлийн эмгэгүүдээр илэрдэг.

Бохирдолтой үед ихэвчлэн бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, зүрх судас, амьсгалын эрхтэн тогтолцоо, артерийн даралт ихсэх өвчин, чихрийн шижин өвчтэй хүмүүс, хортой нөхцөлд ажилладаг, тамхи татдаг хүмүүс илүү өртөмтгий байна. Агаарын бохирдолтой үед гадаад орчинд маск хэрэглэх, цэвэр агаарт гарах, дотоод орчинд агааржуулалт, агаар шүүгч хэрэглэх зэргээр эрүүл мэндээ хамгаалахыг хичээдэг. Тэгвэл ийм үед эрүүл мэндээ хамгаалахын тулд хоол хүнсээ зөв тохируулж, илчлэг, тэжээллэг чанар сайтай, олон төрлийн хоол хүнс хэрэглэж хэвших хэрэгтэй.

Өвлийн улиралд Монгол хүний гол хоол хүнс нь мах бөгөөд дээрээс нь гурил, сүү цагаан идээ, ногоо, жимсийг ч өдөр тутам хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдлын үед антиоксидант болох А, С, Е аминдэм, селен, омега-3-аар баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Антиоксидант гэдэг нь исэлдэлтийн эсрэг гэсэн үг бөгөөд бодисын солилцооны үед хүний биед исэлдэх процесс явагдаж үүний улмаас чөлөөт радикалууд үүсч байдаг. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд, агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсч эсийн бүрхүүлийг гэмтээж, дархлаа сулрах, өвчлөмтгий болох улмаар хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Иймээс бид агаарын бохирдлын үед:

С АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

С аминдэмээр баялаг хүнс жимс, жимсгэнэ аньс, нэрс, чацаргана, жүрж, нохойн хошуу, усан үзэм, нимбэг гэх мэт

С аминдэм нь хүний биед хорт бодис ороход дархлааны тогтолцоог хамгаалж, биеийн дархлааг сайжруулах, халдвараас сэргийлэх, хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ.

А АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

А аминдэмээр баялаг хүнс нь цагаан лууван, шар лууван, бууцай, шанцай, цэцэгт байцаа зэрэг тод өнгөтэй ногоо, жимс, үхрийн өөх, малын сүү, цөцгийн тос, мөн байцааны төрлийн ногоонууд.

Биеэс хорыг гадагшлуулахад исэлдэлтийн эсрэг онцгой үүрэгтэйгээс гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, арьс салстыг хамгаалах, хүүхдийн өсөлт хөгжилтийг дэмжих, халдвараас сэргийлэх нөлөө үзүүлнэ.

 Е АМИНДЭМЭЭР БАЯЛАГ ХҮНС ХЭРЭГЛЭХ

Е аминдэмээр баялаг хүнс нь ургамлын гаралтай тос- наранцэцгийн, канолын, оливын, бүхэл үрийн гурил, загас, загасны улаан дүрс, цөцгийн тос, сүү, самар, киви, аньс, төмс, манжин, тоор мөн амтат чинжүү, базалик, яншуй зэрэгт бага хэмжээтэй агуулагддаг.