
© 2026 Монгол Контент ХХК


Хүний залгиур хөөмий орчмын архаг үрэвсэлт өвчнийг хоолойны ангина гэх бөгөөд шалтгаан нь 100% халдварын гаралтай ямар нэгэн эмгэгтөрөгч бактери, вирус, мөөгөнцөр байдаг. Хоолойны ангина өвчний 95%-ийг А группын бетта хэлбэрийн цус задлагч стрептококк үүсгэх ба энэ бактери нь хэрэхийн гаралтай эмгэгийг үүсгэх анхдагч хүчин зүйл болдог байна.

Хүүхдийн хоолой ойр ойрхон өвдвөл гадуур гарахдаа амны хаалтыг байнга зүүлгэх нь илүү үр дүнтэй байдаг. Мөн хүүхдийн хоолой өвдөх том шалтгаан даарах, идэж байгаа зүйлсээ нэг нэгэндээ өгөх, хүйтэн юм уух гэх мэт байдаг. Хүүхдийг цэцэрлэг, сургуулиас нь тараад ирсний дараа заавал амыг нь сода, давсны уусмалаар хоолойг нь зайлуулж хэвшээрэй.

Цэцэрлэгийн насны хүүхдүүд хамартаа юм чихээд оруулчихдаг. Ийм тохиолдолд та авах гэж битгий оролдоорой. Хамрыг ухаж оролдсоноор чихсэн зүйлийг цааш нь түлхэх, мөн хамрын салстыг гэмтээх магадлалтай байдаг тул мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Хүүхдийн хамар анх төрөхдөө хөөнгө байдаг учир хамар нь маш хурдан битүүрдэг байна. Учир нь хамрын болон чихний хөндий нэг сүвтэй байдаг байна. Тийм учраас хүүхдийг хэвтүүлж хөхүүлснээр хүүхдийн хамар битүүрч чих нь өвддөг. Хүүхдийг аль болох босоогоор нь хөхүүлэх нь маш чухал юм.

Хамрын эргэн тойронд тойрч байрладаг 4 том хөндийний үрэвслийг гамрит гэнэ. Хамрын ханиад хүрээд удаан хугацаагаар эмчлэхгүй байх нь гамрит үүсэх шалтгаан болдог байна. Хүүхэд гамрит хүрсэн бол мэргэжлийн эмчид яаралтай хандаж эмчилгээг сайн хийлгэх чухал юм.

0-6 насны хүүхдүүд бүх зүйлийг амандаа хийж амаараа мэдэрдэг учир дархлааг хамгаалах үүднээс хоолойн мах нь том төрдөг байна. Аажмаар хүүхэд томрох үед нь хоолойн мах маань хэвийн хэмжээнд очдог.

Хамрын мах гэдэг нь хамрын самалдагууд хөөх, уйланхай үүсэх, нармайн булчирхай томрох зэрэг асуудлуудыг ерөнхийд нь хэлдэг. Хамрын махыг авах тухай мэргэжлийн эмчээс асуугаарай. Рентген зураг авхуулснаар хамрын махтай үгүйг шийддэг. Таны хүүхдийн хамар нусгүй хэрнээ байнга битүүрдэг бол мэргэжлийн эмчид заавал хандаарай.


Хүүхдийн хамраас цус гарах шалтгаан нь нэгдүгээрт хамрын гэмтэл, хамрын шархлаа гэх мэт байдаг. Хамар хэтэрхий хуурай байснаас болоод салст гэмтээд салстад тав тогтоод түүнийгээ унагааснаас болж цус гарах хандлагатай байдаг. Хэрвээ таны хүүхдийн хамраас цус байн байн гараад байвал шарх байна уу, эсвэл өөр шалтгаантай байна уу гэдгийг нь мэргэжлийн эмчид заавал үзүүлээрэй. Хэрвээ та шархтай байвал хурдан эмчлэхгүй бол байнгийн цус гараад байвал хүүхэд цус багадалттай болох эрсдэлтэй.

Хүүхдийн чих өвдөх нь олон шалтгаантай. Хүүхэд толгойгоороо унах, толгойгоо цохих, мөн антибиотик их хэмжээгээр хэрэглэхэд чих гэмтэж байдаг. Хүүхэд хоолны болон эмийн хордлогод орсон тохиолдолд чих гэмтдэг байна. Та бүхэн дараах эмчийн зөвлөгөөнөөс илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзнэ үү?

Хүүхдийн чихнээс булаг гарах нь нэгэн төрлийн эмгэг юм. Тиймээс хүүхдийн чихнээс булаг гарсан тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Учир нь чихнээс булаг удаан гарснаар хүүхдийн сонсгол болон тархинд муугаар нөлөөлдөг байна.