Хүүхдийн хөгжил

image

Бидний багад аав, ээжүүд маань хааяа нэг мах чанаад булчингийн эрээн мах эсвэл үс ургуулдаг гээд шил /хүзүү, сээрэнд байдаг, хатуу шар/ өгч зулгаалгадагсан. Тэр үед ямар одоогийнх шиг битүү чанагч гэж байсан биш, махыг ч тэгтэл нь нялц болгодоггүй байв. Бас хатуу ааруул, ээзгий, хатаасан бяслаг тавганд үргэлж л байна. Амандаа бултгануулаад л эрүүгээ чилтэл иддэгсэн.

Бид тод, зөв ярьж сурсан, шүд эрүүл байсан, зөв ургалттай байгаа зэрэг нь идэж, уудаг байсан хоол, хүнстэй салшгүй холбоотой.

Сүүлийн үеийн хүүхдүүд их муу ярьдаг болжээ. Би аав, ээжүүдэд хүүхэдтэйгээ ярилц, харилц гэж үргэлж зөвлөж байгаа ч давхар идээ ундаанд нь өгүүлэхүйн эрхтнүүдэд /хэл, уруул, дээд доод эрүү, зөөлөн тагнай, хатуу тагнай/ дасгал болохуйц хоол хүнсний ач холбогдлын талаар дурдахгүй бол огт болохгүй байна.

Ааруул, ээзгий, хатаасан бяслаг, булчингийн мах, гурилтай шөл /гоймон/ тараг уусан аягаа долоолгох зэрэг нь хэлд орох гэж байгаа хүүхдийн өгүүлэхүйн эрхтнүүдийн дасгал болж өгдөг. Хазах, зажлах, зулгаах, сорох, долоох, залгих зэрэг үйлдлүүд нь хүүхдийн ам, хэлний булчинг ажиллуулж, хөгжүүлж байдаг.

ГЭТЭЛ ОДОО БИД ХҮҮХДЭДЭЭ ЯМАР ХҮНС ӨГЧ БАЙНА ВЭ?

  • Алимны нухаш
  • Төмсний нухаш
  • Луувангийн нухаш
  • Татсан махтай бантан
  • Төрөл бүрийн зутан шөл
  • Сүүнд дэвтээдэг бэлэн хоол
  • Каш...

Бид хүүхдэдээ зөвхөн залгих хоол өгч байна. Мэдээж зургаан сар хүрээд бор хоолонд орж байгаа хүүхдэд дээрх хоолнуудыг өгч болох ч гурван нас хүртэл нь өгсөөр байх нь буруу юм. Зургаан сард хүүхдийн цахиур хэд байдаг билээ, гурван настай хүүхдийн шүд хэд болсон байдаг вэ гэдгийг эцэг эхчүүд бодолцдоггүй. Шүд ургах тусам нь л зажлах үйлийг сайн хийлгэж, үүнийг нь хоолоор дэмжиж өгвөл хүүхдийн шүд цоорох нь ч багасдаг, хэл ярианы хөгжил нь ч сайн байдаг. Эцэг, эхчүүд минь хүүхдийнхээ идэж буй хоол хүнсэнд анхаарлаа хандуулаарай!

profile

Зөвлөх: А.Найгалмаа

Хүүхдийн зохиолч, судлаач

X
Нэвтрэх