fbpx

Ээж, аавуудад

image

Хүүхэд ямар зан харилцаатай болох нь ихэнхдээ төрөлхийн бус байх ба түүнийг хүүхэд сурч эзэмшдэг. Ялангуяа бага насныхны хувьд дуурайх бол тэдний аливааг сурч мэдэх чухал арга. Тэгэхээр тэд таны хэлснийг давтан хэлнэ, хийснийг даган дуурайна, инээвэл инээж, уурлавал мөн уурлана. Сэтгэл судлаачид гурав, дөрвөн насны үеийг “загвар дээр суралцах” үе гэх нь бий.

Иймд эцэг эхийн үлгэр дуурайл бол хүүхдийн суралцах үйл, зан харилцаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Хүүхэд зөвхөн харилцааны гадаад илрэлийг дуурайх бус, мөн ээж, аавынхаа сэтгэл санаа болон тухайн хүн, ажил үйл, асуудалд хэрхэн хандаж буй хандлагыг мэдэрч дуурайдаг, үлгэр загвар авдаг. Тэгэхээр хүүхэд өөдрөг байх уу, эсвэл гутрангуй нэгэн болох уу, үнэнч шударга уу, эсвэл аядуу тайван уу, эс бөгөөд адгуу бухимдуу нэгэн болох уу гэдэг нь таны үлгэр дуурайл, гэр бүлийнхнээс л хамааралтай.

ЮУГААРАА ҮЛГЭРЛЭХ ВЭ?

Зан, чанар харилцаа: Аливаад үнэнчээр хандах, бусдыг хайрлах, хүнлэг энэрэнгүй байх, бусдад туслах, өөртөө итгэлтэй байх, ам ажил нь зөрөхгүй байх зэрэг зан чанар, харилцааны үнэт зүйлсийг хүүхэд өдөр тутам харж мэдэрч байвал тэд сайн хүн болон төлөвшинө. Мөн амьтан, ургамал, эд зүйлстэй та хэрхэн харьцаж байгаагаас хүүхэд тэдгээртэй яаж харьцах баримжаагаа олж авна.

Хүүхдийн эерэг даган дуурайлтыг дэмжиж урамшуулж байвал тэдний зөв зан чанар, харилцаа батажна.

Сэтгэлийн хөдөлгөөн: Сэтгэлийн хөдөлгөөний эерэг үлгэр дуурайлыг хүүхэд хуулбарладаг, хэрэглэдэг. Үүнд аливаад аядуу, тайван хандах үлгэр дуурайл чухал байрыг эзэлнэ. Үүнээс хүүхэд стресс бүхий нөхцөлд өөрийн уур уцаарыг барьж зохистойгоор илэрхийлж сурна. Хэрэв эцэг эх зөрчлийг уужуу, тайвуу шийдэж чаддаг бол хүүхэд хожим зөрчлийг хүлээцтэй, ухаалгаар шийддэг болоход нөлөөлнө.

Хэвшил, дадал: Өдийд ийм л зүйл хийдэг дээ гэдгийг хүүхэд мэддэг, тэдгээр нь хэвшил дадал болсон байвал хүүхдэд итгэлтэй, найдвартай байдлыг бий болгохын зэрэгцээ бие даахад нь тустай. Жишээлбэл, хооллохын өмнө гараа угаах, унтахын өмнө шүдээ угаах, амралтын өдөр өвөөгийнд очих гэх мэт. Үүнд ээж, аав нарын үлгэр дуурайл тус дэм болно.

Ухаалаг, хайр, баяр баясгалантай гэмээр сайхан үлгэр дуурайлтай гэр бүлд өсч бойжсон хүүхэд аяндаа л сайн хүн болдог.

Эх сурвалж: Аав, ээжийн ном, 2017 он

profile

Зөвлөх: Хүүхдийг ивээх сан

X
Нэвтрэх