Томуу, томуу төст өвчлөлийн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтний ярилцлагаас...
-Эцэг эхчүүд амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчлөлөөс хэрхэн сэргийлэх ёстой вэ. Хаврын улиралд халдварт өвчлөл тодорхой хэмжээнд нэмэгддэг?
-Хаврын улиралд халдварт өвчлөл нэмэгддэг зүй тогтол сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна. Энэ нь хүмүүсийн биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах, цаг уур, уур амьсгал, орчны эрс өөрчлөлт, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадал, боловсрол дутмаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа байх. Хэд хэдэн зүйл дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Манай эмч нар хоёр төрлийн зөвлөмжийг өгдөг. Тухайлбал томуу, томуу төст өвчнөөс хэрхэн, яаж урьдчилан сэргийлэх вэ.
Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн үед ямар тусламж үзүүлэх, эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэх мэт. Хамгийн гол нь хүүхдийг улирлын байдалд нь тохируулж хувцаслах, аминдэмээр баялаг, илчлэг хоол хүнсээр тогтмол хооллох, С аминдэмээр баялаг ундыг халуун бүлээнээр нь уулгах, шингэн их уулгах, хүүхдийг сайн амраах, ажил амралтын дэглэмийг зөв зохицуулах, гэрийн эрүүл ахуйг зөв сахих, гарыг нь халуун бүлээн савантай усаар тогтмол угаалгаж хэвшүүлэх, хүүхдийг олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, амны хаалтыг байнга зүүж хэвшүүлэх, өвдсөн үед гэрт нь тусгаарлан эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх, дур мэдэн эмчлэхгүй байх, ялангуяа антибиотикийн хэрэглээнд маш их анхаарах ёстой.