Хэрэг хийсэн хүүхдэд дахиж тэгж болохгүй гэдгийг яаж ойлгуулах вэ?
Миний хүү үргэлж үймүүлж аяга таваг хагалах юм. Хэрэг хийсэн хүүхдэд дахиж тэгж болохгүй гэдгийг яаж ойлгуулах вэ?
Хүүхэд хэрэг хийчихье гэж төдийлөн үймүүлдэггүй. Энэ нь ямар нэгэн өөрт нь таагүй зүйлд эсэргүүцэл илэрхийлж байгаа хэлбэр юм. Ихэвчлэн хүүхдүүд эцэг эхийнхээ анхаарлын төвд байх гэж юм уу өөрийн илэрхийлж чаддаггүй байгаа зүйлээ эд зүйлс эвдэлж хэмхэлж илэрхийлэх нь элбэг байдаг. Та ямар нэгэн зүйл хийхдээ ихэвчлэн хүүхэдтэйгээ хамтдаа хийхийг хичээгээрэй.
Ингэхдээ заавал ширээ сандлын ард биш хамтдаа том даавуу юм уу та болон таны хүүхэд багтахаар орон зайд газар суух хэлбэрээр хүүхэдтэйгээ сууна. Ингэснээр хүүхэд илүү тогтвортой тойрогтоо сууж өгдөг. Дараа нь та хүүхэдтэйгээ хамт зураг зурах юм уу өөрийнх нь хамгийн дуртай сэдвээр тоглож болно. Тэгэхдээ та ихэвчлэн асуулт асуух хэлбэрээр хүүхдэдээ өөрийгөө илэрхийлэх боломж олгох хэрэгтэй. Өөрийнх нь хүслийг сайтар сонсон өөрийнх нь хэлэх гээд байгаа зүйлийг сайтар ойлгож байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.
Хурц тод өнгийн усан будгаар /арьсанд харшилгүй/ хүүхэдтэйгээ ямар ч утгагүй зураг зурсан ч болно. Бийрээр үү гараараа юу хамаагүй. Хамгийн гол тоглоомын дүрэм газар дэвссэн тойргоос л холдож болохгүйд оршино. Ингэж байнга хэвшсэн хүүхэд аажим аажмаар таны үгийг сайтар сонсож дүрмийг сайтар баримтлах дуртай болно.
Хүүхэдтэйгээ нэг тал болж тоглох нь хүүхэд таны үгийг сайн сонсож байх үндэс болно. Хэрэв тойргоос гарсан тохиолдолд шийтгэл өгнө гэдгийг сануулах. Тэр нь хүнд биш энгийн байх ёстой.
Жишээ нь шүүгээ арчих гэх мэт. Хүүхэд ихэвчлэн хайр халамж мэдрүүлж түүнийг ямар ч хэрэг тарьсан ойлгодог хэн нэгэнд дуртай болдог. Танд амжилт хүсье.
Зөвлөх: Г.Биндэръяа /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/