fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийг нь ер нь худлаа ярьж байгаа үед нь хэрхэн зөв ойлгуулах вэ? Энэ талаар зөвлөөч.

Хүүхэд худлаа ярих нь цаанаа ямар нэг зорилготой эсвэл шалтгаантай байдаг. Мөн худлаа ярихыг нас насанд өөр өөр байдлаар авч үздэг.
Тухайлбал:

  • Гурав хүртэлх насны хүүхэд худлаа ярих нь биеэ хамгаалах зорилготой байх нь олон. Бяцхан хүүхдүүдийн хувьд энэ ертөнц, хүрээлэн буй юмс гайхмаар, учир нь олдохгүй, эсвэл аймаар санагдах үе их бий. Энэ үеүдэд өөрийгөө хамгаалах тэдний бодож олсон хамгийн шилдэг арга нь худлаа хэлэх байж болно.
  • Гурваас долоо хүртэлх насанд хүүхдийн хувьд бодит байдал болон хийсвэр ертөнцийг бүрэн ялгаж эхлээгүй байдаг. Үүний зэрэгцээ тэдний төсөөлөн бодох, хийсвэрлэх чадвар хүчтэй хөгжиж эхэлдэг. Тиймээс хүүхэд худлаа ярих нь эцэг эхчүүдийн санааг их зовоодог ч нөгөө талаас нь харвал таны хүүхдийн сэтгэн бодох чадвар хөгжиж байна, төсөөлөн бодож чадаж байгааг харуулж буй сайн хэрэг юм. Гэхдээ худал яриаг нь хэт өөгшүүлж, дэвэргэж болохгүйг анхаараарай.
  • Ойролцоогоор таваас арван насны үед хүүхэд худлаа ярихын сөрөг талыг ойлгож, хийсвэр болон бодит ертөнцийг ялгаж салгаж эхэлдэг. Энэ үед сургууль дээр мөрдөж буй дүрэм, насанд хүрэгчдийн шаардлагууд тэднийг аяндаа үнэнээ хэлэхийг шаардаж эхлэхэд худал ярих нь аажмаар зогсдог.
  • Харин зургаагаас дээш, эсвэл бүр арваас дээш насны хүүхэд тогтмол худлаа хэлээд байвал яах вэ? Энэ та хүүхдээ худлаа ярихыг хэт их өөгшүүлдгээс эсвэл үнэнээ хэлэхэд нь хэт шүүмжилж загнадгаас үүдэлтэй байж болно. Ер нь хүүхдийг “чи битгий худлаа яриад бай” гэж хэлэх тусам хүүхэд худлаа ярих хандлагатай болж, энийгээ юман чинээ тоохоо больдог.Ялангуяа үнэнээ хэлж байхад нь итгэхгүй гүтгэх юм бол хүүхдэд их хүндээр тусдаг ба аяндаа худалч хүний дүрд тоглож эхэлдэг. Бусад худлаа ярьдаг шалтгаан нь айдас, бусдыг дуурайх, асуудалд орооцолдохоос сэргийлэх, эсвэл зүгээр л тантай үргэлжлүүлж ярилцахыг хүсэхгүй байгаагийн илрэл байж болно. Тиймээс та эхлээд хүүхдийнхээ яагаад худлаа яриад байгаа шалтгааныг олж илрүүлэх хэрэгтэй.

profile

Зөвлөх: Б. Алтанцэцэг /ССҮТ-ийн Сэтгэл судлаач/

Сэтгэл судлалын магистр, МУИС-ШУС-НУС Тайваны Дон Хуа Их Сургууль

X
Нэвтрэх