Хүүхэд аливаа зүйлийг ажигласнаа өөртөө тусгаж аван суралцдаг
Би хүүхдийнхээ ирээдүйд их анхаардаг ээж байгаа юм. Хүүхдээ хэрхэн сайн хүн болгох вэ? Сайн хүн гэж яг ямар хүн гэж тайлбарлаж ойлгуулах вэ?
Сайн байна уу. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сайн хүн гэдэг нь харьцангуй ойлголт юм. Харин зөв хандлагатай, эерэг сэтгэл хөдлөлтэй хүн гэж байдаг.
Эдгээр хүмүүс үргэлж бусдад болон өөртөө сайн сайхныг хүсч байдаг ба эргэн тойрондоо эерэгээр нөлөөлж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж явдаг. Хүүхдийг энэхүү зөв хандлагатай, эерэг хүн болгож хүмүүжүүлэхийн тулд юун түрүүнд эцэг эхийн гаргаж буй үйлдэл, зан авир их чухал нөлөөтэй.
Учир нь хүүхэд аливаа зүйлийг ажигласнаар өөртөө тусгаж авч дараа нь түүнийг дуурайн хийх замаар суралцдаг. Өөрөө хэлбэл хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна тэр үйлдлээ өөртөө хэвшүүлэх хэрэгтэй гэсэн үг.
Мөн ээж нь хангалттай анхаарал, хайр халамж үзүүлдэг, ярилцдаг, хүүхдээ сонсдог бол хүүхэд аяндаа өөртөө итгэлтэй бас бусдад итгэдэг хүн болж төлөвшдөг. Дүгнэж хэлэхэд таны хүүхдийн ямар зан төлөвтэй хүн болох нь таны өөрийн гаргаж буй үйлдэл, зан авираас ихээхэн шалтгаална.
Зөвлөх: Б. Алтанцэцэг
ССҮТ-ийн Сэтгэл судлаач