Мэдээ, мэдээлэл

image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2023 он гэхэд үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хоол хүнснээс хасах төлөвлөгөө боловсруулжээ.

REPLACE нэртэй энэхүү төлөвлөгөөнд  дэлхийн бүх улс орнуудад транс тосыг хүнснээсээ хасах зааварчилгаа багтсан ба 2023 он гэхэд транс тосыг хоол хүнсэнд ашиглахаа бүрэн зогсоох талаар тусгажээ.

Ургамлын тосыг устөрөгчийн тусламжтайгаар хатуу хэлбэрт оруулсныг үйлдвэрийн аргаар гаргаж авсныг транс тос гэнэ. Транс тосыг шарсан хуурсан хоол,  талх нарийн боов, маргарин, кофены сүү, зайрмаг зэрэг бүтээгдэхүүн хийхэд ашигладаг.

Транс тос бусад тоснуудын адил хурдан мууддаггүй атлаа хүний биед сөрөг нөлөө үзүүлэх нь их. Цусан дахь “муу” холестерины  хэмжээг ихэсгэн, зүрх судасны эмгэг, харвалт, чихрийн шижингийн 2-р хэлбэрийг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зүүн Азийн улсууд зүрх судасны эмгэг болон транс тосын хэрэглээгээрээ дээгүүрт бичигдэж байна. Латин Америкийн зарим орнууд энэ тал дээр арга хэмжээ авч эхэлсэн бол Өмнөд Африк тус асуудлыг хуулийн хүрээнд шийддэг болсон байна.

ДЭМБ-аас гаргасан төлөвлөгөөний дагуу хоол хүнсний эх үүсвэрийг судлах, эрүүл мэндэд тустай тосыг ард иргэдэд таниулах зэрэг үйл ажиллагаа явуулах аж.

Халдварт бус өвчин буюу архаг өвчин нь удамшлын, физиологийн, хүрээлэн буй орчны, зан байдлын зэрэг шалтгаанаас болж үүсдэг. Зан байдлын шалтгаан дотор хоол хүнсний хэрэглээ багтдаг ба транс тос ихээр агуулагдсан хоол хүнс хэрэглэсний улмаас үүссэн зүрх судасны эмгэг нь халдварт бус өвчний нэг жишээ юм.

Америкийн Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвийн захирлаар ажиллаж байсан Том Фрийдэний хэлсэнээр транс тосыг маш амархан орлуулах боломжтой ба орлуулсаныг нь та анзаарахгүй ч “Гагцхүү таны зүрх л харин ялгааг нь мэдэрнэ. Ийм ч учраас 2023 он гэхэд транс тосноос салах хөтөлбөр нь маш чухал ач холбогдолтой юм.” хэмээн онцолсон байна.

2015 онд гэхэд АНУ-ын Хүнс, эмийн агентлаг транс тосны гол эх үүсвэр болох устөрөгчийн тусламжтай хатууруулсан тосыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх болсон ба хоол хүнс үйлдвэрлэгчдэд  транс тосыг үйлдвэрлэлтээсээ бүрмөсөн хасахад 3 жилийн хугацаа өгч байжээ.

Мэдээж байгалийн гаралтай транс тос мах, сүү сүүн бүтээгдэхүүнд агуулагдсан хэвээр  билээ. Байгалийн гаралтай транс тос нь зарим малын ходоод гэдсэнд байдаг ба тэдгээр малаас гаргаж авсан мах, сүү зэрэгт транс тос бага хэмжээгээр агуулагддаг аж.

Пенсилвани мужийн их сургуулийн хоол зүйч Линн Жэймс, “Хөгжиж буй орнуудын иргэд барууны хэв маягаар хооллохыг илүүд үзэх болсон. АНУ бол тэрхүү барууны хэв маягийн эх орон буюу хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хоол хүнсэндээ хэрэглэдэг. Харин одоо бид эрүүл зөв хооллолтыг эрхэмлэн, үүгээрээ дэлхийд тэргүүлэх болно. Транс тосноос татгалзсанаар та давс, чихрээ багасгаж чадна. Ингэснээр зүрх судасны өвчин, чихрийн шижин болон Алцхэймэрийн эмгэгээс сэргийлж чадах юм.” хэмээн онцолжээ.

АНУ-аас гадна Дани транс тосны хэрэглээг хуульчилж өгсөн байдаг. 2004 онд Дани улс транс тосыг зарим нэг бүтээгдэхүүнд ашиглахыг хориглосноороо транс тосыг хэрэглээнээс бүрмөсөн шахуу хасч чадсан анхны улс болсон байна. Транс тосыг хориглосноос хойш зүрх судасны эмгэг 100 мянган иргэн тутам 14.2 хувиар буурсан аж.

ДЭМБ-аас транс тосны оронд ханаагүй тосны хүчлээр баялаг шар буурцагны тос, наранцэцгийн тос хэрэглэхийг зөвлөжээ.

Үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хэрэглээнээсээ хассанаар сая сая хүнийг зуурдын үхэл, архаг өвчнөөс аврах боломжтой хэмээн Харвардын Эрүүл мэндийн сургуулийн профессор Уолтэр Уиллетт онцолж байна.

Эх сурвалж: CNN

Орчуулагч: С.Заяа

X
Нэвтрэх