fbpx

Нүд

image

Зарим хүүхдүүд төрөхдөө л хамрын дээд хэсэг болох нуруу хавтгай, өргөн байх, хүүхэн хараа хоорондын зай бага байх, нүдний дотор талын хооронд арьсны нугалаатай байдаг. Хүүхдийн хараа жирийн байгаа үед энэ нугалаа хүүхдийг хялар мэт харагдуулах нь бий. Энэ нь тийм ч их санаа зовох зүйл биш. 

Мэргэжлийн эмчийн туслалцаагүйгээр таньж болдог нүдний цөөн тооны эмгэгийн нэг нь нүдний хялар юм. Хялар нүд гэдэг нь нэг эсвэл хоёр нүд төв тэнхлэгээсээ хазайхыг хэлдэг. Ингэснээр хүний нүд нэг чиглэлд өөр өөр тийш харж байдаг. Үр дүнд нь нэг зүйл дээр хараагаа тогтоож чаддаггүй.

Энэ эмгэг нь ихэвчлэн хоёр нүд нь зохистой хэлбэрээр зэрэг ажилладаг болж эхлэж байгаа 2-3 настай хүүхдүүдэд үүсдэг. Статистик мэдээнээс үзвэл 50 хүүхэд тутмын нэг нь хялар нүд эмгэгийн аль нэг хэлбэрээр шаналж байдаг ажээ. 

ШАЛТГААН

Хялар нүд нь дараах шалтгааны улмаас үүсэх эрсдэлтэй, үүнд:

  • Тархины гэмтэл ба халдварт өвчин
  • Нүдний булчингийн үрэвсэл, судасны ба хавдрын гаралтай өөрчлөлт
  • Нүдний гажиг, холын ба ойрын харалганыг буруу, эсвэл цаг алдаж эмчилсэн
  • Төрөлхийн өвчин ба төрөхийн гэмтэл
  • Стресс, биеийн хүчний хэт их ачаалал
  • Хүүхдийн нүдэнд хэт их ачаалал өгөх

Хүүхэд насанд үүссэн хялар нь хүүхдийн сэтгэхүйн хөгжилд таагүй нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Хүүхэд орчин тойрноо бодитоор хүлээж авч чадахгүй байгаагаас үүдэн биеийн болон оюуны хөгжил нь удаашрах аюултай.

Хялар нүдийг дагалддаг бас нэг хүндрэл нь хараа муудах юм. Ингэж хараа муудахыг амблиопи гэдэг бөгөөд хялар нүдний хөдөлгөгч булчинд хангалттай ачаалал ирэхгүй байгаагаас үүдсэн хараа муудалт юм.

ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ

Оношийг зөвхөн нүдний эмч үүсэх болсон бүх л шалтгааныг нарийвчлан тодруулж, шинжилсний дараа л тавьдаг. Эмч хараа тусгай хүснэгтийн тусламжтайгаар шалган, хялайлтын өнцгийг тодорхойлоод, тусгай толины тусламжтайгаар хоёр нүдний хам үйл ажиллагааг тодорхойлно.

ЭМЧИЛГЭЭ

Хялар нь аяндаа арилна гэж байдаггүй болохоор эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь сайн. Энэ эмчилгээ нь нэлээд цаг шаардсан, дунджаар 3-4 жил үргэлжилдэг эмчилгээ юм. Эмчийн заалт, зөвлөгөөг нарийн мөрдөх шаардлагатай байдаг.

Нүдний гажиг, холын болон ойрын харалганг засахаас хяларын эмчилгээ эхэлнэ. Нүдний шилийг хяларын шинж тэмдгийг багасах хүртэл нь бага наснаас эхлэн зүүлгэнэ.

Хялар нүднээс сэргийлэхийн тулд тоглоомыг нь нүдэнд хэт ойр өлгөхгүй байх /30 см-ээс дээш/ зэргээр хүүхдийн нүдний ачааллыг зөв зохицуулж хялар болон нүдний бусад эмгэгийг эрт илрүүлэн цаг алдалгүй эмчлэхийн тулд нүдний эмчид үзүүлж байх шаардлагатай.

profile

Зөвлөх: Их эмч Н.Амаржаргал

"Солонго" нүдний эмнэлэг

X
Нэвтрэх