fbpx

0-1 нас хүртэл

image

Нялх хүүхдийн өсөлт, хөгжил яг л шатаар өгсөхтэй адил.  Хүүхэд нэг шатнаас нөгөө шат руу шилжих болгондоо шинэ зүйл сурч байдаг. Шат болгон дээр түүнийг ямар орчин хүлээн авч байгаагаас шалтгаалж хүүхэд хэр их зүйл сурах нь ч шалтгаална. Ээж аав, асран хамгаалагч болон хүүхэд хоорондын харилцаа дотно, баялаг байх тусам хүүхэд илүү олон зүйл сурч, дараагийн шат руугаа илүү амархан шилждэг. Хүүхдийн танин мэдэхүйн, бие бялдрын хөгжил ямар үе шатаар явагддагийг мэдэж авах нь хүүхдээ илүү танихад тань тусална. Гэсэн хэдий ч хүүхэд бүрийн  хөгжил харилцан адилгүй явагддаг болохыг санахад илүүдэхгүй юм.

3 сар хүртэлх насны хүүхдийн хөгжил

  • толгойгоо өргөж, ийш тийш эргүүлнэ
  • хөл гараа тэнийлгэнэ
  • гараараа юм авах гэж оролдоно
  • хүн рүү ширтэж, нүүр царайг нь танихыг оролдоно
  • инээмсэглэнэ
  • ганганаж, гунганана

Ой хүртэлх насны хүүхдийн бие физиологийн хөгжил нь хүүхэд өөрийнхөө жинг даан өргөж, хөл дээрээ тогтоож сурах гол зорилго дээр тулгуурлана.  Дөнгөж төрөөд удаагүй байхад нярайг доош харуулж хэвтүүлэхэд тэрээр бага багаар толгойгоо өргөх гэж оролдоно. Эхний сард бараг хөндийрүүлэх төдий байсан бол дараагийн сараасаа 2.5-5 см хүртэл дээш өргөх чадвартай болсон байдаг. 3 сар хүрэхэд ихэнх хүүхдүүд түрүүлгээ хараад хэвтэж байхдаа толгойгоо өгзөгнөөсөө дээш өргөдөг болсон байна.

Түүний мөчүүд ч мөн хөгжиж эхэлнэ. Эхний сард хүүхдийн гар ихэнхдээ биеийнхээ дагуу байрласан байдаг бол 3 сартай хүүхэд хөл гараа тэнийлгэж, илүү чөлөөтэй хөдөлгөдөг болсон байдаг.

Энэ үеэс эхлэн хүүхдийн гар танин мэдэхүйн аян замаа эхлүүлнэ. Нярай хүүхдүүд бяцхан гараа чанга атгаастай байлгах дуртай байдаг бол 2 дахь сараасаа эхлэн алгаа алгуурхан нээж эхлэх ба гараараа юм цохиж эхэлдэг. 3 сартай хүүхдийн гарын алга ихэвчлэн хагас нээлттэй байна. Яг энэ үед л хүүхэд өөрийн гараараа тоглож эхлэх ба гар нь түүний биеийн нэг хэсэг гэдгийг ойлгож авдаг аж. Тэрээр гараа урдаа барьж гараараа тоглож, нэг гараа нөгөө гараараа барьж, хуруу гараа хөхөж эхэлдэг.

Түүний хараа мөн л сайжирч эхэлнэ. Дөнгөж төрсөн нярай юмсыг 20-40 см зайнаас илүү сайн хардаг. Эхний сард хүүхдийн хараа тогтоогүй байдаг учраас тэд юмсыг маш богино хугацаанд л тогтож харах чадвартай байдаг байна. Заримдаа 2 сартай хүүхэд хүний нүүр лүү хэдэн секундын турш ширтэж өөдөөс нь харж байгаа хүнийг илүү танихыг хичээдэг. Хүүхдийн хараа тогтсоны дараа тэрээр хүний өөдөөс харан инээмсэглэж эсвэл уйлж эхэлнэ.

Төрөөд удаагүй нярайн ганганан гунганах, хэржигнэх дуу авиа нь 2-3 сар хүрэхэд илүү урт, эгшиг авиагаар солигдоно. Тэд “аааа, ээээ, оооо” гэх мэт авиаг чангаар гаргах ба ход ход инээж эхэлнэ.

Хүүхэд 4 сартай болох дөхөж ирэх үед эцэг эхчүүд ямар нэг байдлаар хүүхдээ ойлгодог болсон байна. Эхийнхээ умайнаас өөр цоо шинэ орчинд дасах гэсэн хүүхдийн тань тогтворгүй байдал намжиж, тэр өөрийгөө хэний хүүхэд болохыг мэддэг болно.  Учир нь эцэг эх, асран хамгаалагч нь түүний хэрэгцээ шаардлагыг нь ойлгож, цаг тухайд нь биелүүлснээр тэр итгэл найдвар, халамж гэдэг зүйлийг ойлгож авдаг байна. Энэ нь нялх хүүхдийн хөгжлийн хамгийн хүчтэй түлхэц болж өгөхөөс гадна ирээдүйд хүүхэд тань өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүндлэх үнэлэмжинд хамгийн чухал аж. Энэ үед дийлэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ “хэл”-ийг ойлгож, шаардлагатай арга хэмжээг авч сурсан байдаг гэнэ.

 

profile

Зөвлөх: Г.Батжаргал /Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн багш/

X
Нэвтрэх