Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болжээ. Одоо эдгээр нь зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжиж байна. Эцэг эхчүүд уйлсан хүүгээ эсвэл хоол идэхгүй хэмээн зөрүүдэлсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа өгдөг. Зарим эцэг эхчүүдийн хувьд энэ нь асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй болоод хамгийн хурдан арга байж болох ч эдгээр технологиуд хүүхдэд тань ямар сөрөг дагавар авчрахыг тэр бүр мэддэггүй.
Зарим эцэг эхчүүд ой ч хүрээгүй хүүхдээ олон цагаар телевизийн өмнө суулгаж орхидог. Өнөө цагт эмээ өвөөгийн ярьж өгдөг үлгэр, ээжийн бүүвэйн дууг ухаалаг төхөөрөмжүүд үгүй хийсэн хэмээн эрдэмтэд үзэж байна.
Эцэг эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн гэж эндүүрэн, хүүхдээ зурагттай нөхөрлүүлдэг. Хүүхэд амьд харилцаан дунд, нийгмийн орчинд харилцааны үндэс болсон хэл, яриаг суралцах шаардлагатай.
Иймээс сүүлийн үед эрдэмтэд ухаалаг төхөөрөмжүүд хүүхдэд ямар хор хөнөөлтэй эсвэл ашигтайг маш их сонирхох болж, энэ чиглэлээр судалгаа явуулж эхэлсэн юм. Үүний нэг нь АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа юм. Орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн бие, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг хүргэж байна.
ХҮҮХДИЙН ХЭЛ ЯРИАНЫ ХӨГЖИЛД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой. Гэтэл үүний оронд өдөрт хэдэн цагаар зурагт үзсэн, гар утас оролдсон хүүхэд хүний яриаг сонсохоос эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог.
Үүний нэг жишээ нь сүүлийн үед эцэг эхчүүд болон цэцэрлэгийн багш нар хүүхдийн ярианы хөгжилд саатал гарч буй талаар ярих болсон юм. Манай улсад төдийгүй дэлхийн олон улс оронд ийм зүйл ажиглагдах болжээ.
Эрдэмтдийн явуулсан судалгаагаар өнөө цагт 4 нас хүртэлх хүүхдүүдийн 25 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг нь тогтоогдов. 1970-аад оны үед 4 хүртэлх насны хүүхдүүдийн зөвхөн 4 хувь нь хэл ярианы сааталтай байжээ. Техник технологи хөгжихийн хэрээр сүүлийн 30 жилд тус үзүүлэлт зургаа дахин нэмэгдэв.
Судалгаагаар өдөр бүр хоёр цаг ба түүнээс олон цагийг зурагт, компьютерийн өмнө өнгөрүүлдэг хүүхдийн биеийн хөдөлгөөн сайн байгаа боловч нийгмийн харилцаанд оролцохдоо асуудалтай тулгарч, сэтгэлзүйн асуудалд өртөж байгаа нь анзаарагджээ.
Бусадтай бага харилцаж, ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, хичээл сурлагадаа сайн боловч нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг талтай юм.
Тиймээс зурагт, ухаалаг гар утаснаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд их тустай байдаг.
БҮТЭЭЛЧ, ТӨСӨӨЛӨН БОДОХ ЧАДВАРЫГ ҮГҮЙ ХИЙДЭГ
Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих маш чухал үе байдаг гэнэ. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурдаг аж.
Хүүхдүүд шинэ тоглоом зохиох, оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнц бий болгох, ямар нэгэн үлгэрийн гол баатар болж өөрийгөө төсөөлөх зэрэг ургуулан бодох чадвараа хөгжүүлэлгүй орхидог байна.
Түүнчлэн сүүлийн үеийн дунд сургуулийн хүүхдүүд гар утсанд хэт татагдах болсноос хоорондын харилцаа эрс өөрчлөгдөж байгаа аж. Яагаад? Учир нь гар утас хүмүүсээс илүү сонирхолтой. Тэд илүү ухаалаг. Хариу өгөхдөө дэндүү хурдан. Мөн хүмүүсээс ялгаатай нь илүү олон боломжтой.
Ингэснээр хүүхэд амьгүй хэрнээ сонирхолтой хайрцагт автаж байна.
ХАРГИС ХЭРЦГИЙ, ТҮРЭМГИЙ ЗАНТАЙ БОЛДОГ
Ямар ч шүүлтүүргүй хүчирхийлэл, түрэмгийллийг харуулсан кино, нэвтрүүлэг үзсэнээр хүүхдүүдийн зан авир догшин ширүүн болж өөрчлөгдөх юм уу, тэд дэлхий ертөнц аймшигтай хэмээн сэтгэж, өөрт нь ямар нэг муу зүйл тохиолдох вий гэсэн үргэлжийн түгшүүрт автдаг аж. Зарим кинонд тамхи татах, архи уух зэрэг муу зуршлыг хэвийн үзэгдэл мэт харуулснаас тэд эрт архи, тамхинд орох эрсдэлтэй байдаг байна.
Мөн хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гэдэг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Учир нь тэдний хийсвэр сэтгэлгээ хөгжөөгүй байдаг тул үзсэн харсан зүйлээ бодитоор хүлээж авдаг аж.
ХАРАА НЬ МУУДНА
Техник, технологийн дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж хараа муутай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар бага насны хүүхдийн хараа зургаан сарын дотор маш амархан мууддаг бөгөөд харин нөхөн сэргээхэд хэдэн арван жил шаардлагатай.
БИЕ БЯЛДРЫН ХӨГЖИЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэж та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойрог ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд долоо хоногт нэг цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0.5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ.
Нэгэн сонирхолтой судалгааг хүргэхэд. Калифорнийн их сургуулийн судлаачдын хийсэн шинэ судалгаагаар хүүхдүүд ухаалаг төхөөрөмжөөр хэт их тогловол архаг ядаргаанд орж, хүмүүсийн сэтгэл хөдлөлийг тодорхойлох чадваргүй болдгийг тогтоов.
Тодруулбал эрдэмтэд хэсэг хугацаанд хүүхдүүдээс ухаалаг төхөөрөмжийг нь хураан авахад ямар үр дүнд хүргэхийг судалжээ. Америкийн нэгэн сургуулийн зургаадугаар ангийн сурагчдыг хоёр бүлэг хуваасан байна. 51 хүүхдээс бүрдэх нэг баг Лос-Анжелосоос холгүй байрлах лагерьт тав хоногийг ямар ч утас, электрон төхөөрөмжгүй өнгөрөөжээ. Харин нөгөө бүлгийн 54 хүүхэд ухаалаг төхөөрөмжөө үргэлжлүүлэн ашиглаж байсан юм.
Судалгааны эхэнд болон төгсгөлд хоёр бүлэг зураг, бичлэгүүдээр дамжуулан бусдын сэтгэл хөдлөлийг таних тест бөглөсөн юм. Судлаачид хүүхдүүдэд аз жаргал, гуниг гутрал, уур хилэн, айдас зэрэг янз бүрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн 48 зураг үзүүлж, хүүхдүүдийн үзэл бодлыг хуваалцав.
Эцэст нь ямар ч ухаалаг төхөөрөмж хэрэглээгүй бүлгийн хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг таних нь сайжирсан нь анзаарагджээ. Судалгааны өмнөх тестээр 14 хувийн буруу хариулт өгсөн эдгээр хүүхдүүдийн тав хоногийн дараах үзүүлэлт 9 хувь хүртэл буурсан юм. Харин ухаалаг төхөөрөмж хэрэглэсэн хүүхдүүдэд ямар ч өөрчлөлт гараагүй байна.
Гэхдээ ухаалаг төхөөрөмжүүдийн хүүхдүүдэд үзүүлэх эерэг нөлөө бас бий. Телевизийн тусламжтайгаар сургуулийн өмнөх насны хүүхдүүд цагаан толгойн үсгээ тогтоож, сургуулийн насныхан байгаль орчны тухай мэдлэгээ тэлж, эцэг эхчүүд нь мэдээллийг цаг тухайд нь авдаг. Тэдгээрийг зөв ашиглаж чадвал хүүхдэд сөрөг биш эерэг нөлөө үзүүлэх юм.
Массачусетсийн Технологийн дээд сургуулийн Шинжлэх ухаан, технологи, нийгмийн профессор Шери Терклийн хийсэн судалгаагаар ухаалаг төхөөрөмж хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлдэг байна. Гэхдээ үүний тулд эцэг эх хүүхдээ саатуулах зорилгоор биш эсрэгээрээ хүүхдийн хөгжилд нөлөөлөх програмуудыг суулгаж өгснөөр дээрх үр дүнд хүрэх юм.
- Анхаарал. Ухаалаг гар утасны дэлгэцийн өөр өөр өнцгөөс гарч ирэх дүрсний тусламжтайгаар таны хүүхэд ямар нэгэн зүйлд хурдан, шуурхай хариу үйлдэл үзүүлнэ.
- Өнгөний мэдлэгээ дээшлүүлэх. Үүний тулд та бийр, харандаа гэх зэргийг ашиглан зураг зурдаг програмуудыг суулгаж өгснөөр өнгө ялгаж сурна.
- Сонсголын хөгжил. Хэрэв таны хүүхэд ухаалаг гар утсаар хүүхэлдэйн кино үзэх, тоглоом тоглож байхад дууг нь унтраах эсвэл битгий хэт аяархан болгоорой. Аудио дохионы хослол хүүхдийн сонсголын хөгжилд чухал нөлөө үзүүлдэг гэнэ.
- Үсэг болон тоо цээжлэх. Хүүхэд ухаалаг гар утсаар оролдсоноор үсэг, тоог аяндаа өөрөө цээжилдэг байна.
ХҮХДИЙН НАСНААС ХАМААРАН ЗУРАГТ ҮЗЭХ, КОМПЬЮТЕР ТОГЛОХ ЦАГ
- 0-3 настай хүүхдэд зурагт, утас үзүүлэхээс аль болох зайлсхий
- 4 настай хүүхэд өдөрт 15-20 минут
- 5 настай хүүхэд 35-40 минут
- 6-7 настай хүүхэд өдөрт 15 минутаас 1 цаг хүртэл
Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн хөгжилд сөрөг болон эерэг нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь та хүүхдээ ухаалаг төхөөрөмжөөс хараат байлгахгүйг хичээж, түүнийг хэрэглэх зориулалт, цагийг хянах хэрэгтэй.