fbpx

Боловсрол

image

Монгол хүн байгаль эхтэйгээ хүйн холбоотой хэмээн эртнээс нааш үр хүүхдэдээ амьтай бүхэнд хайр энэрлээр хандахыг сургасаар ирсэн уламжлалтай. Ялангуяа усыг амь амьдралыг хайрлан тэтгэгч, газар эхийн судас, дэлхийн амьдралын эх үүсвэр, байгаль орчны оршин тогтнох баталгаа хэмээн үздэг.

Орчин үеийн хөгжил дэвшилд санаанд багтамгүй зүйлсийг хиймлээр гарган авч чадах хэдий ч цэнгэг усны нөөцийн хомсдлыг арилгах арга замыг л олж чадахгүй байгаа тул маш ариг гамтай хэрэглэх нь дэлхий нийтийн зорилго гэдгийг үр хүүхдэдээ одооноос ойлгуулаарай.

Ариг гамтай хэрэглээд зогсохгүй гол мөрний усыг бохирдол хомсдлоос хамгаалж, усыг тогтоон барих үүрэгтэй мод ургамлыг ч хайрлах ёстой. Үүний тулд газрын хэвлий буюу хөрсийг бүрэн бүтэн, унаган төрхөөр нь хадгалах хэрэгтэй. Иймд монголчууд шаардлагагүй тохиолдолд газар сэндийлэх, тэр бүү хэл хөрсөн дээр зурж сийчихийг хүртэл цээрлэдэг тул хүүхдүүд ч энэ сургаалийг ясчилан дагадаг байв.

Гол, нуур, булаг, рашаанаа ариун тунгалаг байлгах тухай "Усны шастир"-т "Эмийн түрүүч нь ус агаад өвчнийг эмчилнэ. Усны чанар сэрүүн амтлаг, зөөлөн хөнгөн, шингэц сайтай, тунгалаг, муу үнэргүй, хоолойд хорлолгүй, ууваас ходоодонд тустай" хэмээжээ.

Бидний сайн мэддэгчлэн, говьд 40 хоногийн туршид ус уулгүй явж чаддаг тэмээ /гэхдээ нэг удаа их хэмжээний ус уун нөөцөлж авсны тусламжтайгаар/, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй хэмээн домоглодог тарвагыг эс тооцвол бусад бүх амьтан, ургамал, ялангуяа хүн усгүйгээр тун цөөн хоног л амьдарч чадна.

"Нуур амгалан бол

Нугас амар",

"Хүн хүнийхээ хүчинд,

Загас усны хүчинд",

"Уснаас салсан загас

Уулнаас салсан барс" зэрэг сургааль үгийн утга санааг хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлан ярилцаарай.

Сүм хийд гол шүтээнийхээ өмнө усан тахил өргөдөг шүү дээ. Яруу найрагч Данзанравжаа "Усны эх ариун аваас рашаан буюу" хэмээн өгүүлсэн нь бий.

Хүний амьдралд ус, алт хоёрын чухам аль нь илүү хэрэгтэй, үнэ цэнэтэй болохыг өвөг дээдэс маань үлгэр туульсаар дамжуулан үр хойчдоо ухааруулж ирснийг "Гурван тулам алт" хэмээх үлгэрээс харж болно.

"Эрт цагт нэгэн аянчин их элсэн цөлд зүг чигээ алдан төөрч явсаар цангаж үхэх дөхжээ. Замаа олохоос өмнө ус ундаа олох хэрэгтэй гэж унан тусан тэмүүлсээр байгаад гурван арьсан туламтай юм олжээ... Тэрээр "Ус, айраг л байгаасай, биш ч гэсэн хоолой чийглэх унд байгаасай" хэмээн шившиж, тулмыг нээж үзвэл гурван тулам шаргал алт байжээ. Аянчин "Заяа төөрөг минь ийм байжээ" гээд амьсгал хураажээ" хэмээн тус үлгэрт гардаг.

Ургаж буй арц нэг ариун

Уугиж буй хүж нэг ариун

Урсаж буй ус нэг ариун гэдэг ертөнцийн гурвыг зааж өгөхдөө та энэ бүх мэдлэгийг бяцхан үрдээ сургаарай. Тэд нас бага мэт боловч байгалийг хайрлах үзэл санааг ойлгоход хангалттай ухаалаг байгаа гэдэгт итгэж болно.

Эх сурвалж "Монголчуудын байгаль хамгаалах арга ухаан" У.Эрдэнэтуяа

X
Нэвтрэх