Зонхилон тохиолдох өвчин

image

Өнөө цагт нярайн дунд тархины даралт хэмээх өвчний тохиолдол улам их болсон.

Хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутлын шалтгаантай тархины эмгэгшил нь тархины саажилт, оюуны хомсдол, хараа, сонсголын өөрчлөлт зэрэг хүүхдийн тахир дутуу болох шалтгаанд томоохон байр эзлээд байгаа эмгэг юм. Үүнийг манай эцэг эх "тархины даралт" хэмээн нэрлэдэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тархинд очиж буй цус болон хүчилторөгчийн хэмжээ багассанаас тархинд эмгэг өөрчлөлт үүсэхийг "тархины даралт" хэмээн ярьдаг.

АНУ-д хийсэн судалгаанаас үзэхэд нярайн нас баралтын 10-60 хувийг хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутлын шалтгаантай тархины эмгэгшил эзэлдэг бөгөөд уг өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 10-25 хувьд ямар нэгэн үлдэц ажиглагджээ.

ШАЛТГААН

  • Хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутлын шалтгаантай тархины эмгэгшлийн гол шалтгаан нь ураг, нярайн бүтэлт юм.
  • Нярай хүүхэд төрснөөс хойш 30 секундын дотор амьсгал авахгүй байх, 90 секундэд жигд амьсгал авахгүй байхыг нярайн бүтэлт гэнэ.

Бүтэлт үүсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

  • Эхийн өвчнүүд, халдвар, жирэмсний хордлого, төрөх үеийн хүндрэл,
  • Эхийн жирэмсэн үеийн хоол унд, ажил амралтын хэвийн байдал алдагдах,
  • Химийн болон радио идэвхит бодисын хордлого, ахуй амьдралын гаж буруу зуршил /архи ууж, тамхи татах/ зэрэг орно.

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Амьдралын эхний 12-36 цагт таталт элбэг ажиглагдана. Төрсний дараах долоо хоногийн сүүлчээс хүүхдийн хөдөлгөөн хэт ихсэх, эсвэл муудаж байдал илэрнэ. Мөн нярайн гар хөлийн булчин сулрах нь илүү тохиолдоно. Цаашдаа хүүхэд тайван бус цочромтгой болж байнга уйлагнан, нойрондоо муу болох ба хэт их гулгих, гэдэс дүүрэх, царай хөхрөх шинж илэрнэ. Хэрэв эдгээр шинж илэрвэл өрхийн ба хүүхдийн эмчид хандаарай.

ТАРХИНЫ ЭМГЭГТЭЙ НЯРАЙГ АСРАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Хүүхдийг дулаан байлгана.
  • Хүүхдийн толгойг 30 хэм орчим өндөрлөсөн дэртэй хэвтүүлнэ. Энэ нь гавлын доторх даралт бууруулах ач холбогдолтой.
  • Хүүхдийг аль болох тайван, хөдөлгөөнгүй байлгана.
  • Дулааны улиралд цэвэр агаарт тогтмол гаргаж байх хэрэгтэй.
  • Өвлийн улиралд хүүхдийн өрөөг тогтмол, сайтар агааржуулж байх хэрэгтэй.
  • Өглөө бүр буцалгаж хөргөсөн усаар нярайн нүүрийг нэг минутын туршид угаах нь хамар битүүрэхгүй, тархины эмгэгшил сэдрэхгүй, чих өвдөхгүй байлгах ач холбогдолтой.
  • Е болон В-гийн төрлийн амин дэмийг эмчийн заавраар өгөөрэй.
  • Нярай тайван бус, уйлагнах, нойрондоо муудах зэрэг шинж тэмдэг нь ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ

  • Жирэмсэн эх аль болох эрт, заасан хугацаанд эмчийн хяналтанд орох,
  • Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх тул суурь өвчнүүдээ эмчлүүлэх,
  • Жирэмсэн үедээ ажил амралтын зөв дэглэм баримтлах,
  • Жирэмсэн эхчүүд эрүүл агаарт тогтмол гарах,
  • Эмнэлгийн нөхцөлд төрөх,
  • Жирэмсэн үедээ болон эхчүүд, эмэгтэйчүүд архи, тамхи хэрэглэхгүй байх.

Эх сурвалж: НЛМ - Нидерландын тусламжийн байгууллагын гарын авлага

X
Нэвтрэх