Сонсголын бэрхшээлийг хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ эдгэх магадлал өндөр
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн санг үүсгэн байгуулагч Пэйж Стрингер.
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Монголд жилд 240 хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрдөг гэсэн судалгаа бий. Хэрэв тэдгээр хүүхдүүд эрт оношлогдож чадвал сонсголын төхөөрөмж, суулгацын тусламжтайгаар сонсгол хэл ярианы бэрхшээлгүй өсөх, цаашлаад нийгэмд хэвийн байр суурьтай амьдрах бүрэн боломжтой байдаг. Гэвч эрт оношлуулж чадаагүйгээс болж хэл яриа нь хожуу эсвэл дутуу хөгжин дохионы хэлийг л ашиглах шаардлагатай болдог.
Бид энэ талаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн санг үүсгэн байгуулагч Пэйж Стрингертэй ярилцлаа. Тэрээр сонсголын бэрхшээлтэй төрсөн хэдий ч бага насандаа оношлуулж сонсголын төхөөрөмж зүүдэг болсноор одоо хэл яриа, сонсголын бэрхшээлгүй болжээ. Пэйж Стрингер өдгөө Улаанбаатар хотын долоон эмнэлэгт сонсгол оношилгооны төхөөрөмжийг хандивлаад байгаа юм.
- Сайн байна уу, манай уншигдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
- Сайн байна уу, намайг Пэйж Стрингер гэдэг. Би Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн сангийн үүсгэн байгуулагч. Манай ашгийн бус байгууллага нь 0-6 настай сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж тэднийг сонсох, ярьж сурахад нь тусалдаг юм. Хэрэв сонсголын бэрхшээлтэй хүүхэд хэдий чинээ эрт оношлогдоно төдий чинээ хэл ярианы хөгжил нь сайжирдаг. Цаашлаад тэд энгийн хүүхдүүдийн адил сурч боловсорч том болоод хүссэн ажлаа хийх боломжтой болдог. Би өөрөө маркетингийн харилцааны мэргэжилтэй бөгөөд 12 жилийн турш бизнесийн орчинд ажиллаж байгаад 2009 онд тус байгууллагыг нээсэн.
АНУ-ын Сонсголын үнэлгээ менежментийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сонсголын бэрхшээлтэй нэг хүүхдийг эрт оношилж эмчилснээр тусгай сургууль, үйлчилгээ гэх мэт зүйлсээс гарах 400 мянган ам.долларыг хэмнэдэг гэсэн тооцоолол байдаг.
- Энэхүү байгууллагыг үүсгэн байгуулах болсон шалтгаан болон байгууллагын гол зорилго нь юу вэ?
- Би төрөлхийн сонсголын бэрхшээлтэй. Аз болоход эмч нар миний сонсголын бэрхшээл намайг төрсний дараахан буюу маш эрт илрүүлсэн. Тэгээд нэг настайдаа нэг чихэндээ сонсголын төхөөрөмж зүүж, нөгөө чихэндээ дунгийн суулгац суулгуулсан. Тиймээс ярих болон сонсох хөгжил минь бусад хүүхдүүдийн л адил хэвийн явагдсан. Би энгийн цэцэрлэг сургуульд явж, коллежид сурч цаашлаад мастерийн зэрэг хамгаалсан.
Тиймээс бусад улсын сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд туслахаар уг Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн сангаа үүсгэн байгуулсан. Тэдэнд энгийн хүүхдүүд шиг өсөж бойжих, мэдэхийг хүссэн зүйлээ сурах, дуртай ажлаа хийх боломж бүрэн бий. Үйл ажиллагаагаа голчлон 0-6 настай хүүхдүүдэд чиглэдэг шалтгаан нь энэ үедээ хүний хэл ярианы хөгжил хамгийн их идэвхтэй байдаг. Сонсгол нь эрүүл хүүхэд өсөж хөгжихдөө хүрээлэн буй дуу чимээ, хүний яриаг байнга сонсож чаддаг учир үгийн сан болон хэл ярианы хөгжил хэвийн явагддаг. Гэтэл сонсголгүй хүүхэд тэгж хөгжих боломжгүй байдаг.
Гэхдээ анагаах ухаан хөгжсөн энэ цагт хүүхдийн сонсголын бэрхшээлийг төрсний дараа нь илрүүлэх бүрэн боломжтой. Түүний дараагаар хүүхдийг сонсож, ярих чадвартай болгохын тулд түүнд сонсголын төхөөрөмж зүүж, дунгийн суулгац суулган сонсгол заслын мэргэжлийн эмчилгээг хийнэ. Хүүхдийн сонсголын бэрхшээлийг хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ хэвийн өсөж хөгжих боломжийг бүрдүүлнэ гэсэн үг юм.
Тиймээс хүүхдийг сонсголгүй байх шинж тэмдэг илэртэл нь буюу 3, 4, 5 нас хүртэл нь хүлээж болохгүй. Энэ насандаа хүүхдийн тархины хөгжлийн суурь нь бүрэн тавигдсан байдаг учир эрт илрүүлсэн хүүхдийнх шиг үр дүн гарахад бэрхшээлтэй байдаг юм. Тэдэнд аль болох эрт л тусалвал ирээдүйн амжилттай амьдралынх нь суурийг зөв тавьж байна гэсэн үг.
- Та бүхэн Монголчуудтай хэдийнээс хэрхэн хамтарч байна вэ?
Бид “Улаанбаатар Пийс Авенью” ротари клубтэй хамтран ажилладаг. Тус клубийн нэгэн гишүүн нь чих хамар хоолойн эмч юм. Түүнээс улбаалаад бид хамгийн анх 2014 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажилласан.
Яг тухайн үед Монголын Эрүүл мэндийн яамнаас шинээр төрсөн хүүхэд бүрийн сонсголыг нь шалгах журмыг баталж байсан. Тэгэхээр хүүхэд бүрийн сонсголыг шалгах боломжтой гэсэн үг. Харамсалтай нь энэ нь бодит байдал дээр бүрэн дүүрэн хэрэгждэггүй. Учир нь ЭХЭМҮТөв л уг оношилгоог хийдэг.
Харин 2016 онд бид “Улаанбаатар Пийс Авенью” ротари клубийн гишүүдтэй ярилцаад “Чимээгүй ертөнцийг аваръя” төслийг эхлүүлэхээр болсон. Тэр жилийнхээ есдүгээр сард бид хандивын мөнгө цуглуулж эхний ээлжид нийслэлийн 1, 2, 3-р амаржих газар, ЭХЭМҮТөв, Нэгдүгээр эмнэлэг гэсэн томоохон таван эмнэлэгт сонсгол шалгадаг төхөөрөмж бэлэглэсэн. Мөн саяхан бид Налайх болон Багануур дүүргийн эмнэлгүүдэд өгсөн. Бид үүгээр ч зогсохгүй цаашид үр дүнтэй олон ажил хийхийг хичээнэ.
Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл нийт 15 мянган нярай оношлуулсан гэсэн судалгаа гарсан. Энэ тоо ч цаашдаа өснө. Гэхдээ яг хэдэн хүүхэд сонсголын бэрхшээлтэй нь тогтоогдсон гэдэг дүн мэдээг хэлэхэд арай эрт байна. Мөн бид мэдээллийн бааз үүсгэхээр ажиллаж байна. Эмнэлгүүд оношилгоонд хамрагдсан хүүхдүүдийн мэдээллээ нэг газар төвлөрүүлнэ гэсэн үг. Ирэх жилийн долдугаар сар гэхэд нэгдсэн тайлангаа бид ЭМЯ-нд гаргаж өгнө. Үүнээс улбаалаад бусад орон нутаг, аймгуудад оношилгоог хийх боломжтой эсэх нь шийдэгдэнэ.
Мөн хүүхэд төрсний дараа эмнэлгээс гарахаас өмнө эмч, сувилагч хүүхдийн тань сонсголыг шалгахгүй бол та шалгуулахыг хүсч буйгаа заавал илэрхийлэх хэрэгтэй. Нийслэлийн бүх амаржих эмнэлэг одоо төхөөрөмжтэй болсон.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 1000 төрөлт тутмын 3 нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалтай хэмээн тооцоолол хийсэн байдаг бол Улаанбаатар хотноо жилд 40 мянган хүүхэд мэндэлдэг, мөн Монголд 240 хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрдөг гэсэн судалгаа байна. Харамсалтай нь сонсголгүй гэдгийг нь хэн нэгэн анзаарах хүртэл гаднаас нь харахад ямар нэгэн шинж тэмдэггүй хөгжлийн бэрхшээл юм.
- Оношлуулахаас урьтаад хүүхдийн сонсголыг шалгах энгийн арга бий юу?
- Хүүхдийн дэргэд алгаа таших янз бүрийн чимээ гаргахад хариу үйлдэл гаргаж байгааг нь харах гэхчлэн арга бий л дээ. Гэхдээ эдгээр нь төдийлөн оновчтой бус бөгөөд сонсгол шалгах мэргэжлийн арга хэрэгсэл биш. Гол шалгадаг зүйл нь одоо бидний эмнэлгүүдэд өгсөн төхөөрөмж юм. Энэ нь хоёр төрлөөр шалгана.
Эхний аргыг OAE гэдэг бөгөөд энэ нь маш хурдан буюу 30-60 секундын дотор л хариу нь гарна. Мөн ABR арга нь бага зэрэг ажиллагаатай байж болох ч сонсголын чадварыг бүрэн шалгана. Энэхүү хоёр арга нь эмч сувилагчид ч хэрэглэхэд амар, хүүхдэд ямар ч хор нөлөөгүй юм. Хэрэв хүүхэд сонсголын бэрхшээлтэй гэдэг нь тогтоогдох юм бол дараагийн алхмыг аль болох л эрт авах шаардлагатай.
Бидний үзүүлсэн жаахан ч гэсэн тус тэдний амьдралын эерэг өөрчлөлтийн нэг хэсэг нь гэж бодохоор сайхан санагддаг. Тиймээс энэ бол миний хийж буй хамгийн сайхан ажил юм.
Мөн хүүхэд төрсний дараа эмнэлгээс гарахаас өмнө эмч, сувилагч хүүхдийн тань сонсголыг шалгахгүй бол та шалгуулахыг хүсч буйгаа заавал илэрхийлэх хэрэгтэй. Нийслэлийн бүх амаржих эмнэлэг одоо төхөөрөмжтэй болсон. Сонсгол нь эрүүл саруул төрсөн ч эрүүл мэндийн шалтгаан, гэнэтийн осол гэх мэт зарим нөлөөллөөс болж сонсгол нь муудах ч тохиолдол бий. Тиймээс ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эсвэл сургууль цэцэрлэгт орохоос нь өмнө заавал оношлуулах нь зүйтэй.
Хэрэв дүлий хүүхэд төрвөл насан туршдаа юу ч сонсож чадахгүй гэсэн хэвшмэл ойлголтыг байхгүй болгохыг хүсч байна. Нэг ч гэсэн хүүхэд аль болох эрт мэдэгдчихвэл цаашдаа хэвийн өсч бойжих, нийгэмших нөхцлийг нь бий болгож болно гэсэн үг.
- Хүүхэд сонсголын бэрхшээлтэй төрөх дийлэнх шалтгаан юу байдаг вэ?
- Мэдээж олон төрлийн зүйл нөлөөлнө. Тэр дундаа удамшлынх, улаан эсэргэнэ өвчин, сонсголд нөлөөтэй хүчтэй эм бэлдмэл, хугацаанаас өмнөх төрөлт, шар өвчин, жирэмсэн эх олон төрлийн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэх зэрэг зүйлс нь ургийн сонсголын хөгжилд нөлөөлдөг.
- АНУ-д нярайг төрснийх нь дараа шууд оношилдог уу?
Дөнгөж төрсөн хүүхдүүдийн 95 хувьд нь сонсгол шалгах оношилгоо хийдэг. АНУ-ын Засгийн газраас ч зөвхөн оношилгоо ч бус сонсголын бэрхшээлтэй холбоотой бүхий л төрлийн үйлчилгээ, бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
- Та ойтой байхдаа сонсголын төхөөрөмж анх зүүсэн гэсэн. Яг тухайн мөчөө санадаг уу? Ингэж асууж байгаагийн учир нь сонсголгүй хүүхэд аппарат зүүгээд эцэг эхийнхээ дуу хоолойг анх удаа сонсохоороо маш их баярлаж байгаа сэтгэл хөдлөм бичлэгүүд байдаг шүү дээ.
- Би 11 сартай байсан болохоор тэр үйл явдлыг санадаггүй юм (инээв). Гэхдээ ээж минь хэлэхдээ чихэнд минь зүүсэн аппаратыг асаагаад дуу чимээ сонсож эхлэхэд би маш их гайхаж байсан гэсэн. Тэдгээр бичлэгүүд нээрээ сэтгэл хөдөлгөм шүү, тийм ээ?
Хүүхэд анх удаа дуу чимээ сонсохоороо маш их гайхдаг. Тухайн сонсголын төхөөрөмж хүүхдэд дуу чимээг сонсоход л тусалж байгаа болохоос биш хэл ярианы хөгжилд нөлөөлөхгүй. Гэвч зарим эцэг эх энэ талаар буруу ойлголттой байдаг ба шууд л “Миний хүүхэд одоо шууд ярих уу” гэж асуудаг. Тэр хүүхэд шинээр мэндэлснээс л ялгаагүй, аажим аажмаар дуу авиа, чимээнд дасаж үгийн сантай болдог. Гол нь хүүхэд эцэг эх гэр бүлийн тасралтгүй дэмжлэг, мэргэжлийн эмчилгээг сайн хийснээр хэл ярианы хөгжил сонсголоо даган хэвийн хүүхдийнх шиг явагдана.
- Өмнө нь ямар улсуудад энэ чиглэлээр ажиллаж байсан бэ?
- Бид 2010 оноос хойш Вьетнам улсад ажиллаж байна. Мөн бид 2017 онд Эквадор улсын ЭМЯ-тай бичил төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Эдгээр улсуудад хийж байгаа төслүүд маань энэ чиглэлээр хэрэгцээтэй зүйл (эмч нарын сургалт, оношилгооны төхөөрөмж), хамтрагчид болон цаг хугацаанаасаа шалтгаалаад харилцан адилгүй юм.
- Та сая яриандаа Монголын Эрүүл мэндийн яаманд ирэх долдугаар сард тайлан гаргаж өгнө гэж байсан. Энэ талаар дэлгэрүүлээч.
- Бид Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Эрүүл мэндийн яаманд тайлан гаргахад нь дэмжлэг үзүүлж байгаа юм. Бидний зорилго бол Монголд сонсголын бэрхшээлийн тархалтын тооцооллыг гаргах, үүнд зориулагдах хөрөнгө болон хүний нөөц, наад зах нь Улаанбаатарт мэндэлж байгаа хүүхэд бүрийн сонсголыг шалгах нь үр дүнтэй гэдгийг энэхүү тайлангаар дамжуулж мэдээллээр хангахыг хүсч байна.
Бидэнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуустаа туслалцаа үзүүлэх хүсэлтэй олон байгууллага болон улс орноос хүсэлт ирдэг. Гэхдээ бид Монгол болон Вьетнам улсад яг одоо хийж буй ажилдаа л голлон анхаарахыг хүсч байна.
АНУ-ын Сонсголын үнэлгээ менежментийн үндэсний төвөөс хийсэн судалгаагаар сонсголын бэрхшээлтэй нэг хүүхдийг эрт оношилж эмчилснээр тусгай сургууль, үйлчилгээ гэх мэт зүйлсээс гарах 400 мянган ам.долларыг хэмнэдэг гэсэн тооцоолол гарсан байдаг. Тэгэхээр зөвхөн Улаанбаатар хотын эмнэлгүүд ч гэлтгүй хүрээг тэлж, хөдөө орон нутагт оношилдог болгох, нэмэлт хөрөнгө төсвийг гаргаж үндэсний хэмжээнд нярайн сонсгол шалгадаг болгох төрийн бодлогыг авч хэрэгжүүлэх боломжтой.
Манай Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн сан, “Улаанбаатар Пийс Авенью” ротари клуб, ЭХЭМҮТ хамтран ЭМЯ-аас үндэсний хэмжээнд сонсголын оношилгоог хийхэд дэмжлэг үзүүлээсэй хэмээн хүсэж байгаа юм.
- Хүмүүст тэр дундаа тэр бяцхан хүүхдүүдэд тусалсны дараа танд ямар мэдрэмж төрдөг вэ?
- Хамгийн гоё мэдрэмж. Би нийгэмлэгээ үүсгэн байгуулахаас өмнө бизнесийн салбарт байсан гэж яриандаа дурдсан даа. Тухайн үед ажил мэргэжилдээ сэтгэл хангалуун, арвин туршлага хуримтлуулж байсан ч би ямар нэгэн өөр зүйл хийх ёстой гэдгээ байнга мэдэрдэг байлаа. Анх 2008 онд Вьетнамд очихдоо л хүмүүсийн амьдралд хэрхэн эерэг өөрчлөлт оруулж болох боломжийг олж харсан. Тэгээд л урамшаад сэтгэл шулуудан байгууллагаа нээн хэзээ ч эргэж хараагүй, гаргасан шийдвэртээ бат зогссон.
Ажиллахаар очсон газар бүр, уулзсан хүн болгон минь надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Манай нийгэмлэгийн хамт олон ч мэргэжлийн бөгөөд хамтран ажиллахад урамтай байдаг. Хэдий биднийг сорьсон амар бус ажил мэт боловч хүүхдэд гарах нөлөө нь хамгийн гайхалтай. Вьетнамд дахин очиход нөгөө хүүхдүүд минь энгийн сургуулийн сурагч болчихсон, эцэг эх эмч нь магтаж байгааг сонсох, яг л эрүүл хүүхэд шиг байгааг харах сайхан мэдрэмж төрүүлсэн. Бидний үзүүлсэн жаахан ч гэсэн тус тэдний амьдралын эерэг өөрчлөлтийн нэг хэсэг нь гэж бодохоор сайхан санагддаг. Тиймээс энэ бол миний хийж буй хамгийн сайхан ажил юм.
- Та бүхний төлөвлөж буй дараагийн төсөл хөтөлбөр юу вэ?
- Бидэнд сонсголын бэрхшээлтэй хүүхэд залуустаа туслалцаа үзүүлэх хүсэлтэй олон байгууллага болон улс орноос хүсэлт ирдэг. Гэхдээ бид Монгол болон Вьетнам улсад яг одоо хийж буй ажилдаа л голлон анхаарахыг хүсч байна. Үүнийгээ амжилттай дуусгаад ирээдүйд хэрхэхээ шийднэ дээ.
- Ярилцсанд баярлалаа. Таны дараагийн ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
- Та бүхэнд ч мөн баярлалаа.
Сэтгүүлч Б.Нямдарь