Нялх хүүхэд нь удаан хугацааны турш тасралтгүй уйлах үед эцэг эхчүүдийн сэтгэл хямарч, хамаг тэнхээ нь барагдаж байгаа мэт санагддаг. Тэд хүүхдээ яагаад уйлаад байгааг нь мэдэхгүйдээ хий дэмий сандарч, бүр дагаж уйлах нь ч бий. Зарим эцэг эх залхсандаа дуугүй болгох гэж сэгсэрч дугтчиж, цохиод авах нь тохиолдол гардаг.
Сэгсэрч дугтчих, эсвэл цохисноор хүүхэд уйлахаа зогсохгүй. Харин ч танаас айдаг болж магадгүй. Мөн хүүхдийн энд тэнд хөхөрч, эсвэл яс, зөөлөн эд нь гэмтэж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй тархины хөгжил нь сааталд орж болно. Цаашилбал амь нас нь ч хохирч болно шүү дээ. Ер нь нялх хүүхдийн амь нас, бие махбод маш эмзэг байдаг.
ЯАХ ЁСТОЙ ВЭ?
Хүүхэд тань удаан уйлаад байвал бухимдахын оронд эмчид хандах, эмчийн үзлэгээр асуудалгүй гарсан бол бусад шинжүүдийг ажиглаарай. Тухайлбал халууцсан, эсвэл даарсан, өлссөн, норсон, айсан зэрэг ямар нэгэн байдлаар тав тухгүй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.
Ямар нэг асуудалгүй байвал тэр зүгээр л танд тэврүүлж, таны дэргэд байхыг хүсч буй хэрэг. Түүнийг тэвэрч аргадсанаараа та хүүхдэдээ муу зан сургахгүй. Мэдээж уйлах бүрд нь аргадаж чадахгүй. Хэрэв ядарсан байгаа бол, эсвэл сэтгэл санаа тань тааруухан байвал хэн нэгний тусламжийг авч болох юм.
Зөвлөх: Хүүхдийг ивээх сан