Мэдээ, мэдээлэл

image

ТОМИЛОЛТ: Өмнөговь аймгийн Цусны салбар төв

“Хүн ямар нэгэн хүнд зүйлийг туулж гарч ирснийхээ дараа их олон зүйл боддог болчихдог юм билээ. Жишээлбэл аливаа зүйлийн сайн талыг нь олж хардаг, эерэгээр хүлээж авдаг болоод хэн нэгэнд туслах юмсан гэсэн сэтгэл үргэлж дагаж явдаг юм шиг санагддаг” хэмээн ярих түүнийг Б.Оюун гэдэг.

2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр авто осолд орж, найман хоног ухаангүй эмнэлэгт хэвтжээ. Энэ үедээ их хэмжээний цус алдсан учраас 5-6 донорын цус сэлбэх шаардлагатай болсон аж.

Ингээд доноруудын ачаар, Өмнөговь аймгийн эмнэлгийн ажилтнуудын буянаар Б.Оюун найман хоногийн дараа ухаан орж, өнөөдөр эрүүл саруул, ажил төрлөө хийгээд явж байна.

Өмнөговь аймгийн хувьд хүн амын тоо 65 мянга гаруй гэдэг хэдий ч уул уурхай их хөгжсөнтэй холбоотойгоор тогтмол байдаг хүн амын тоо 100 мянга давсан хэмээн тус аймгийн цусны салбар төвийн эрхлэгч Д.Туул хэлсэн юм.

Өмнөговь аймгийн цусны салбар төвийн эрхлэгч, их эмч Д.Туул

Харин одоо бол зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн шинэ төвтэй болжээ

Үүнийгээ дагаад ч цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага өндөр гардаг аж. Тэрээр “2014 оноос өмнө онцгой цусан бүтээгдэхүүн болон донорын тоо бага байсан. Тиймээс хэрэгцээгээ хангахын тулд Улаанбаатар хотоос цус, цусан бүтээгдэхүүн авдаг байлаа.

Харин 2017 оны байдлаар бид 168 литр цус цуглуулж, нийт 829 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймгийнхаа хэрэгцээг хангаж ажилласан байна” гэсэн юм.

Учир нь 2014 оноос Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрүүл мэндийн хөгжил, хөтөлбөр 5 төсөл” хэрэгжиж эхэлсэн бөгөөд тоног төхөөрөмж шинэчлэх, цусны салбар төвийн үйл ажиллагааг сайжруулах, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эмч, ажиллагсдыг сургалтад хамруулах зэрэг ажил хийгджээ.

Ингээд өнгөрсөн онд аймгийн хэмжээнд нийт 169 донор шинээр элсэж, өмнө нь ердөө дөрвөн төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол одоо есөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон аж.

Донор Д.Насанбаяр

Энэхүү төсөл хэрэгжихээс өмнө цусаа өгч эхэлсэн доноруудтай бид уулзсан юм. Тэдний ярьж байснаар цусны салбар төв нь хуучин хоёр өрөөнд үйл ажиллагаа явуулдаг, донороос цус авахдаа зориулалтын сандалд суулгахгүй шууд цонхны цаанаас цус авдаг байсан талаар ярьж байв.

Харин одоо бол зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн шинэ төвтэй болжээ.

Ачтан донор Б.Цолмон-Эрдэнэ

Донор хүн байна гэдэг бусдад цусаа өгч, тэдний амийг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэнд ч сайжирдаг сайн талтай

Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Цэргийн даалгавар удирдлага, шийдвэрийн ахлах офицер, ачтан донор Б.Цолмон-Эрдэнэ “Анх би 2003 онд Батлан хамгаалах Их сургуульд оюутан болж ороод цусаа өгч үзэж байлаа. Харин 2013 оноос хойш идэвхтэй өгөх болсон.

Би цусаа өгч, бусдын амийг аварч болох юм байна, тусалж чадах юм байна гэдгийг ойлгосны үндсэн дээр л идэвхтэн донор болж байлаа.

Анх хоёр өрөөнд л үйл ажиллагаа явуулдаг байсан цусны төв маань өнөөдөр ийм сайхан болж, донорууд нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байдаг. Донор хүн байна гэдэг бусдад цусаа өгч, тэдний амийг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэнд ч сайжирдаг сайн талтай.

Манай цэргийн анги гэхэд нэг хүндэт донор, нэг ачтан донортой. Түүнчлэн тогтмол цусаа өгч байгаа олон донор бий” гэсэн юм.

Өмнөговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Л.Энхжаргал

Тус аймгийн Улаан загалмайн хорооны дарга Л.Энхжаргалын хэлснээр тус нийгэмлэг мандатынхаа хүрээнд сайн дурын авлагагүй донорыг элсүүлэх, элсүүлсэн доноруудаа хадгалах, урамшуулах ажлыг гардан зохион байгуулдаг юм байна.

Ингээд цусны салбар төвтэй хамтран байнгын доноруудаа хүндэт донор болгохоор ажилладаг аж. Хэрвээ хүн 36 удаа цусаа өгвөл хүндэт донорын болзол хангадаг бөгөөд энэ болзолд хараахан хүрч амжаагүй байгаа доноруудаа ачтан донор, энэрэл донор хэмээн өргөмжилдөг аж.

Энэ мэтээр цусны салбар төвийн үйл ажиллагаа өргөжиж, аймгийнхаа хэмжээнд хэрэгцээгээ хангадаг болсон нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн хөгжил, хөтөлбөр 5 төсөл”-ийн хүрээнд хийгдэж буй нэг том ажлын үр дүн юм.

Өнгөрсөн хугацаанд зөвхөн Өмнөговь аймагт гэхэд 362 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 68 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангаж, ховор цустай доноруудынхаа бүтээгдэхүүнийг 2-3 жил хадгалах боломжтой болжээ.

Хөлдөөсөн сийвэнгээ хувинд хийж гэсгээдэг байсан бол одоо зориулалтын сийвэн гэсгээгч ашигладаг болсон гээд сайжирсан зүйл олон бий аж. Харин энэ бүхнийг хэрэгжүүлж, төслийг гүйцэтгэснээр гарсан үр дүн нь зөвхөн тоног төхөөрөмж нэмэгдэж, эмч нарын чадвар нэмэгдсэнээр дуусахгүй Б.Оюун шиг олон хүний амийг аврах боломжийг нэмэгдүүлжээ.

X
Нэвтрэх