fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Маамуугийн уншигчид, тэр дундаа охидтай эцэг эхчүүддээ нэгэн залуухан ээжийн ярилцлагыг хүргэж байна.

Тэрээр хоёр хүүхдээ харж гэртээ байхдаа өөрт тулгарсан асуудлуудыг шийдэх, бусад залуу ээжүүдэд урам зориг өгөхөөр санаа нийлсэн "ээж" найзуудтайгаа хамтран “Моmpreuner union of Mongolia” гэдэг төрийн бус байгууллагыг байгуулж Гүйцэтгэх захирлаар ажиллахын зэрэгцээ “Фламинго”  охидын спа төвийн үйл ажиллагаа хариуцсан захирал, мөн “Youth Opportunities Mongolia” олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгчөөр тус тус ажиллаж байна.

Золзаяагийн энэ олон ажлыг ээжийнхээ үүргийн хажуугаар хэрхэн амжуулдаг туршлагыг та бүхэндээ хуваалцахыг зорилоо.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Чулуунбаатарын Золзаяа гэдэг. Хоёр хүүхдийн ээж, ам 4-үүлээ амьдардаг. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

-Гэртээ хүүхдээ асарч буй олон ээжид таны идэвхитэй амьдралын хэв мягийг хуваалцаж, тэдэнд урам зориг төрүүлэх зорилгоор зочноор урьж байгаа юм л даа. Ээжүүдэд зориулсан төрийн бус байгууллагаас тань яриагаа эхлэх үү? Танай ТББ-ыг хүмүүс “ягаан суудал”-аар нь түлхүү мэдэх байх.

-Хүүхдээ гаргаад гэртээ тикриттэй байх хугацаандаа маш хэцүү байсан. Ээжүүдэд орчин үеийн зөв мэдээлэл маш дутмаг байсан тул хүүхдүүддээ өсгөж байхдаа англи хэл дээрээс орчин үеийн ээжүүдийн хүүхдээ өсгөх арга барил, орц жоруудаас орчуулан нийтэлж эхэлсэн үе ТББ-аа байгуулах эхлэл болсон. Яг тухайн үед ТББ-ийн Тэргүүн Э.Жавхлан маань анх санал тавьж бид санаа зорилго нийлж  “Mompreuner union of Mongolia”-г байгуулсан юм. Энэ байгууллага маань ээжүүдэд тулгардаг асуудлуудыг шийдэх, тэдэнд урам зориг өгөх, гэрээсээ орлоготой болохыг нь дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд нэлээн олон ажлуудыг хийсэнээс нийгэмд хамгийн сайн танигдсан ажил маань “Автобусны ягаан суудал” аян юм. Энэхүү төслийг манай байгууллага анх санаачлан Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй бүх 2000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ-ыг бий болгож хандивын аяныг өрнүүлж амжиллтай хийж байлаа. Энэхүү нөлөөлөлийн ажил маань ээжүүдийг нийгэмшихэд чухал нөлөөтэйгээс гадна эрүүл аюулгүй орчинд үр хүүхдээ тээх, нийтийн тээвэр ашиглах, нийгэмд олон улсад хэрэгжээд удсан шинэ соёлыг бий болгосон.

-Манай maamuu.mn-ийн уншигчид гэртээ хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй ээжүүд голдуу байдаг тул тэдэнд энэ байгууллагынхаа талаар илүү дэлгэрүүлж ярьж өгнө үү?

-Ээжүүд гэртээ суухаараа нийгмээс тусгаарлагдаад эхэлдэг. Нийгмийн ямар нэг үйл ажиллагаанд оролцъё гэхээр зам талбайн асуудлаас эхлээд нялх хүүхэдтэй ээжүүдэд бэрхшээл олон. Байгуулагдсан цагаас хойш бид тогтмол ээжүүдийг чадавхижуулах арга хэмжээнүүд, MUM тв шоу зорилтот нэвтрүүлэг, 365 төлөвлөгөөний дэвтэр зэрэг олон зүйлсийг анхлан санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр маш олон ижил төстэй байгууллагууд ээжүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг чадавхижуулахын төлөө шинээр гарч ирэхэд манай байгууллага түүчээ болсон гэж боддог.  Энэ жилээс бид олон гэхээс илүү чанартай цөөн төслүүддээ ээжүүдийг хамруулахыг зорин гадаад, дотоодын байгууллагуудтай харилцан ажиллаж байна. Тун удахгүй ууцаа задлах бөгөөд ээжүүдийгээ манай пэйж хуудастай нэгдэж тогтмол мэдээлэл авч, хөтөлбөрүүдэд оролцохыг урьж байна.

-Тань шиг залуу ээжүүд эрч хүчтэй, идэвхитэй байхыг хүсдэг ч чаддаггүй нь олонтаа. Тэдэнд та хувийн туршлагаасаа хуваалцвал?

-Миний баримталдаг арга барил гэвэл хийх зүйлсдээ хуваарь гаргах явдал. Өглөө, өдөр, орой гэдэг ч юм уу, эсвэл хагассайн өдрийг зөвхөн хүүхдүүддээ зоруулна гэх зэргээр гаргасан хуваариа маш сайн баримтлахыг хичээдэг. Бидний гаргасан 365 төлөвлөгөөний дэвтэрээс хойш дэвтэр ашиглан төлөвлөх нь маш үр дүнтэй гэдгийг ойлгосон бас цаасан дээр буусан бүхэн биелдэг гэдэгт итгэдэг. Бас утсан дээр маань маш олон сэргүүлэг байдаг. Хийх ёстой олон ажлуудын дунд заримыг нь мартчихдаг. Ингэж өөртөө сануулж байж зуршил болгохгүй бол чухал зүйлүүдээ мартах тохиолдол цөөнгүй.

-Гэрийн ажил гэдэг ар араасаа гарч ирсээр нэг мэдэхэд овоорчихдог, хийгээд дуусдаггүй зүйл шүү дээ. Сэрүүлэг бас их тустай зүйл байх нь.

-Үүн дээр бас нэг зүйл нэмж хэлэхэд хоолны орцуудыг урьдчилан бэлтгэн нөөцлөхийг хичээдэг. Дандаа санаснаар болохгүй л дээ. Ядаж долоо хоногоор нь ч юм уу, бууз, хуушуур, котлет зэргийг бэлтгээд хөлдөөж тавихыг чадахгүй бол гэртээ хийдэг мампренёр ээжүүдээр хийлгэж худалдан авдаг. Үүнд зориулж цаг гаргахгүй бол бас л амжихгүй гэсэн үг. Завгүй ажилладаг ээжүүд хүүхдүүддээ цаг гаргах нь маш чухал бөгөөд нэгэн эрдэмтэний зөвлөгөөний дагуу өдөрт маш чанартай 30-60 минутыг хүүхэддээ зарцуулж сурах талаарх онолыг хүүхдүүд дээрээ хэрэгжүүлэхийг хичээдэг.

-Хамгийн гол нь цагаа зөв хуваарилах л асуудал байна, тийм ээ?

-Тийм.

-Ээж болохоос өмнөх үеэ дурсвал? Хүүхэд байх үеийн Золзаяа өөрийгөө хэрхэн дайчилдаг байсан бэ?

-Намайг бага байхаас ээж минь янз бүрийн сургалт, арга хэмжээнд хамруулдаг байсан. Ээж маань “Миний охин “Лэйдис” төвд суралцах уу?”, “Жолооны курсд суух уу”, “Англи хэлний курст сурах уу” гэдэг ч юм уу, боломжтой үедээ үргэлж ямар нэг хэрэгтэй сургалтанд хамруулахыг хичээдэг байсан. Энэ нь намайг цаг үргэлж шинэ зүйл туршиж үзэн, шинэ санаа гаргах дуртай болоход түлхэц үзүүлсэн байх гэж боддог.

Би бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн байгууллагад долоон жил ажиллалаа. Шинэ санаа гаргах /idea making/ тал дээр илүү сайн юм болов уу гэж өөрийгөө боддог юм. Шинэ санаа гаргалаа гэхэд хэрэгжилтийг нь хангах бас бэрхшээлтэй байх нь бий. Гэхдээ санаж явахад бүтнэ гэдэг шиг аливаа шинэ санаа, ажлыг цаасан дээр буулгаж, сайн төлөвлөх юм бол биелдэг гэдэгт итгэдэг.

-Өнгөрсөн жил хамрагдсан хөтөлбөрийнхөө талаар жаахан дэлгэрүүлж ярина уу.

АНУ-ын элчин сайдын яам АНУ-ын Засгийн газрын богино хөтөлбөрүүдэд тухайн нийгэмд хийсэн ажил үйлсын дүгнэн тодорхойлж жил бүр залуу манлайлагчидыг сонгон явуулдаг юм билээ. МЭЭХ ТББ-ийн хийсэн Ягаан суудал аян болон бусад үйл ажиллагаануудаараа энэхүү хөтөлбөрт сонгогдон бүрэн тэтгэлэгээр дэлхийн 50 гаруй орны манлайлагч бүсгүйчүүдтэй хамт АНУ-ын 4 мужаар явж туршлага солилцож маш их мэдээлэл, туршлага хуримтлуулсан. Тун удахгүй Комбоджи улсын 4 бизнес эрхэлдэг мундаг бүсгүй манай улсад ирэх бөгөөд бид хамтарсан арга хэмжээ уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Одоо танай “Фламинго” гэдэг охидын спа төвийн талаар ярилцъя.

-“Фламинго” нь 5-16 насны охидод зориулсан гоо сайхны салон.  Маникур, педикур, нүүр будалт, үс ороолт, үс сүлжилт гэсэн гэсэн үндсэн таван төрлийн үйлчилгээ бий. Эдгээрээс гадна спа парти буюу төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж болдог гэдгээрээ онцлог. Охид маань тухайн үйлчилгээг дангаар нь болон багцаар авах боломжтой. Төрсөн өдөр гэхээр ээж аавууд нь хоол унд идээд, хүүхдүүд нь бараг баярлахгүй шахам юм болчихдог шүү дээ. Харин манай төв ерөнхийдөө шинэ соёлыг бий болгож байгаа гэж ойлгож болно. Дурсамжтай өдрийн өнгөрүүлж, дээр нь өөрийгөө хайрлах ийм үнэ цэнэтэй төрсөн өдрийг охид маань найзуудтайгаа тэмдэглэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл төрсөн өдрөө үлгэрийн мэт тэмдэглэх бас нэгэн шинэ сонголт.

-Тухайлбал хүү, охин хоёртой ээж байлаа гэхэд ийм баярт хоёуланг нь аваад очвол асуудалтай юу? Хөвгүүд тэнд очиж болох уу?

-Хөвгүүд очиж болохгүй гэсэн зүйл байхгүй. Охидын төрсөн өдөрт хөвгүүд олноороо зочин болж ирж байгаа. Зочноор ирсэн хөвгүүдийн нүүрийг будаж баатар болгож өгөх ч юм уу, эсвэл энд байгаа баг, сэлэм гэх зэрэг хэрэгслүүдийг хөвгүүд маань ашиглах ч боломжтой.

-Орчин нь охидын хүсч мөрөөддөг шиг тохижилттой юм байна лээ. Аль өдрүүдэд захиалга авдаг вэ?

Урьдчилан захиалга өгсөн бол аль ч өдөр төрсөн өдрийн баяр зохион байгуулах боломжтой.

Энэ үйлчилгээний бас нэг онцлог гэвэл эмэгтэйчүүдийн маш их ажлыг хөнгөвчилдөг. Төрсөн өдрийн багц үйлчилгээнүүд байгаа. Ээж аавууд толгой тортоо л аваад ирэхэд бусад бүх бэлтгэл ажлыг манайд даатгаж болно. Чимэглэл, үйлчилгээ, хөгжим, тоглоом, хоол, унд, зууш зэрэг бүх зүйл багтдаг. Тэгэхээр маш их цаг хэмнэдэг. Бараг охидоо үлдээж явж байгаад ирсэн ч болно. Охидод маш гоё дурсамж үлдээн ээж аавын цагийг хэмнэдэг ийм үйлчилгээ юм.

Зарим хүмүүс охидыг нүүрээ будаад айлгүйтээд гэж хардаг. Харин бидний баримталж буй бас нэг зүйл гэвэл энэ бүх зүйл бол охидод гоо зүйн мэдрэмж өгөх үнэ цэнэтэй. Яагаад гэвэл охид маань өөрийгөө хайрлах, эмэгтэй хүн байх гэдэг утгаараа бэлтгэгдэж байна гэж үздэг. Нөгөө талаар тэд сонголт хийх чадвартай болдог. Тухайлбал хумсаа аль өнгөөр будах вэ, нүүрээ яаж будах вэ гэх зэргээр үйлчилгээ болгон дээр сонголт хийдэг. Сонголт хийж сурна гэдэг бие хүн болоход шаардагдах бас нэгэн төлөвшил. Манай үйлчилгээний бас нэг сайхан зүйл нь хэрэглэдэг бүх бүтээгдэхүүнүүд органик. Үйлчлүүлэгч охид маань багаасаа байгальд ээлтэй, органик бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж сурч байна.

-Манай уншигчдад цаг зав гаргаж дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Баярлалаа.

X
Нэвтрэх