fbpx

Мэдээ, мэдээлэл

image

-Эх, нялхсын эмнэлгийн гадаа төрсөн ээжийн хүүгийн бие хэвийн байна-

Өчигдөр 23.00 цагийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт тусламж хүсэж ирсэн ээжийг эмнэлэгт хүлээж аваагүйгээс тулгар ээж хасах 30 градусын хүйтэн шөнө гадаа төрсөн тухай сэтгэл сэрдхийлгэм мэдээлэл цахим орчинд дэгдээд байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяагаас тодрууллаа.

-Өчигдөр танай эмнэлгийн гадаа төрсөн ээж, хүү хоёр хаана эмчлүүлж байна вэ?
-Төрөх дөхсөн нэг ээж 23.00 цагийн орчим ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт "Төрөх тасаг хаана байдаг вэ, би төрөх гэж байна" гээд ирсэн. Эмнэлгийн ажилтнууд ээжид төрөх эмнэлэг зааж өгөөд гаргасан байна. Гараад удалгүй ээж, гадаа төрөөд орж ирсэн. Эмнэлгийн яаралтай тусламжийн багаж хэрэгсэл бэлэн байдаг тул эх барихын баг ирж, хүйг нь таслан яаралтай тусламж үзүүлээд Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хүргэсэн.

-Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг рүү хүргэхдээ хүүг өлгийдөөд дотуур, ээжид нь нимгэн даавуу нөмрүүлээд "Гадуур яваад оч" гэсэн тухай фэйсбүүкт бичсэн байна?
-Ээжид даавуу нөмрүүлээд авч гарсан зүйл байхгүй, зузаан хөнжлөөр хучаад эмнэлэг хоорондын түргэн тусламжийн машинаар хүргэж өгсөн.

Анхны төрөгч учир төрөх үйл явц явагдаж байгааг мэдээгүй. “Би эмнэлгээс гараад юу юугүй төрчихнө гэж бодоогүй" гэж хэлж байна.

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн байдал ямар байна вэ?
-Сая би эх, хүүхдийн эрүүл мэндийн байдалтай танилцаад ирлээ. 3.2 кг хүү төрсөн, сүүгээ амлачихсан, ээж, хүү хоёрын биеийн байдал хэвийн байна.

-Танай эмнэлэгт төрөх харьяаллын ээж байсан уу? 
-Харьяаллын бус, орон нутгаас ирсэн ээж байна.

-Хэд дэхээ төрж байгаа ээж юм бол?
-
Анхны төрөгч учир төрөх үйл явц явагдаж байгааг мэдээгүй. “Би гараад юу юугүй төрчихнө гэж бодоогүй" гэж хэлж байна. Ээжийн ар гэрийнхэн одоогийн байдлаар эмнэлэгт ирээгүй байна. Хувийн мэдээллийг нийтэд өгөхгүй байхыг надаас хүссэн учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Ээжийг эмнэлэгт ирэхэд хүлээж авсан эмчийн гаргасан таагүй хандлагатай холбоотой асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Би жижүүр эмчээр болсон үйл явдлыг бичүүлж аваад байна. Ганц хүний үгээр асуудлыг шийдэхгүй. Фэйсбүүкт бичсэн ээжийн мэдээллийг сая олж уншлаа. Тэнд бичсэн ээж 23.00 цагт ирээд, 01.00 цагийн үед эмчид үзүүлсэн гэснээс харахад манай эмнэлгийн ачаалал ямар байсан нь ойлгомжтой юм. Манай жижүүр эмч “арын хаалга”-ны хүнээ дагуулаад орсон гэж бичсэн байна. Тэр бүхнийг нягталж тодруулж, шаардлагатай арга хэмжээ авна гэлээ.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх