fbpx

Боловсрол

image

Өнгөрч буй ондоо ямар амжилт гаргаснаа дүгнэж, шинэ оныхоо зорилгоо тодорхойлоорой.

Таны зорилго гэрийнхэндээ илүү их цаг зарцуулах, өдөрт уудаг усаа нэмэгдүүлэх зэрэг энгийн жижиг зүйлээс эхлээд байраа томруулах, мэргэжил дээшлүүлэх гэх мэт том зорилго байж болно.

Хүүхдэдээ ч мөн адил өөрийн гэсэн зорилго өмнөө тавьж сурахад нь туслах үүднээс хамт сууж байгаад гэр бүлийн гишүүд тус тусын жилийн төлөвлөгөөг гаргаарай.

Юуны өмнө энэ онд гаргасан амжилтынхаа жагсаалтыг гарга. Хоёрт, өнгөрсөн ондоо ихэнх цагаа юунд зарцуулснаа тодорхойлж, шинэ оны зорилго зорилтоо тодорхойлоорой.

1. АМЖИЛТЫНХАА ЖАГСААЛТЫГ ГАРГА

Та өөрийн гаргасан 20 амжилтаа жагсааж бич. Таны хувьд юу ч байж болно. Жишээ нь, та шинэ зүйл сурсан, илтгэл тавьсан, орлогоо нэмэгдүүлсэн, эрүүл мэнддээ анхаарсан, жингээ хассан, муу зуршлаа хаясан, шалгалтаа амжилттай өгсөн гээд юу ч байж болно. Магадгүй 20-ын тоо хэтэрхий их санагдаж магадгүй. Гэхдээ өнгөрсөн жилээ бүхэлд нь санавал та бодсоноосоо ч илүү ихийг амжуулсан байх болно.

Бидний тархи амжилтаа амархан мартдаг ч асуудал, дуусгаагүй ажил болон алдаа мадгаа л санадаг. Хэрвээ та амжилтаа сайн санахгүй байгаа бол хуанли харж, нийгмийн сүлжээнд бичсэн зүйлээ эргэн харж, мартсанаа сэргээгээрэй.

Долоо хоног бүр та жижигхэн амжилт байсан ч тэмдэглэн авч байгаарай.

2. ИХЭНХ ЦАГ ХУГАЦААГАА ЮУНД ЗАРЦУУЛСНАА САНА

Та өнгөрч буй ондоо хамгийн их цаг хугацаа, анхаарал, эрч хүчээ амьдралынхаа ямар үед зарцуулснаа санаарай. Бид ихэвчлэн нэг л зүйлд хамаг цагаа зарцуулж, бусдыг нь умартдаг. Жишээ нь, ажилдаа бүхий л хүч хөдөлмөр, анхаарлаа хандуулсан хэрнээ ойр дотнынхонтойгоо хамт байж чадаагүй байдаг.

Тиймээс та юунд илүү их цаг зарцуулснаа санаж, ирэх жилдээ хэрхэн тэнцвэржүүлэхээ бодоорой.

3. ИРЭХ ЖИЛИЙНХЭЭ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛ

Та ирэх ондоо биелүүлэхээр төлөвлөж буй хамгийн том гурван зорилгоо тодорхойлоорой. Энэ нь жирийн нэг амлалт бус тодорхой зорилго байх ёстой. Тодорхой, биелүүлж болохуйц мөн танд хамгийн чухал нь байх ёстой.

Зорилго гэрийнхэндээ илүү их цаг зарцуулах, өдөрт уудаг усаа нэмэгдүүлэх зэрэг энгийн жижиг зүйлээс эхлээд байраа томруулах, мэргэжил дээшлүүлэх гэх мэт том зорилго байж болно.

Хүүхдэдээ ч мөн адил өөрийн гэсэн зорилго өмнөө тавьж сурахад нь туслах үүднээс хамт сууж байгаад гэр бүлийн гишүүд тус тусын жилийн төлөвлөгөөг гаргаарай.

Шинэ оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт л биелүүлээд мартчихав аа.

ТӨЛӨВЛӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Та анхнаасаа хийе гэж огт хүсээгүй зүйлээ төлөвлөх нь хэрэгжилтгүй зорилго болох тул зөвхөн шаардлагатай цөөн зүйлсээ тусгах хэрэгтэй
  • Та хийхийг хүссэн ч тухайн үед боломж гарах эсэхийг сайтар тооцоолоорой.
  • Таны зорилго бодитой байх хэрэгтэй. Тухайлбал танай гэр бүл зурагт үзэх хугацаагаа багасгах бол чөлөөт цагаараа өөр юу хийхийг тусгавал зүгээр.
  • Та өөрийн хянаж чадах юмыг хий.
  • Зорилго тань хэмжиж болохуйц байх. Жишээ нь, гитар тоглож сурна гэхийн оронд би 50 дуу тоглож сурна гэх мэт.
  • Хийх гэж буй зүйлээ хэзээ дуусгахаа төлөвлөхийн зэрэгцээ үйл явцын давтамж тодорхой байх хэрэгтэй. Йогоор хичээллэнэ гэхийн оронд долоо хоногт өглөөгүүр гурван удаа йогоор хичээллэх, мөнгө хуримтлуулах гэхийн оронд сар бүр 100 мянган төгрөг хийж, 2021 оны арванхоёрдугаар сард 1,2 сая төгрөгтэй болсон байна гэх мэт.

Эхлээд амьдралын хамгийн чухал хэсгүүд юу болохыг тодорхойлохын тулд дугуй зураад, амьдралынхаа хамгийн чухал 4-8 хэсэгт хуваа. Тэдгээр хэсгүүдгүйгээр таны амьдрал бүрэн бүтэн биш байх болно. Хүн бүр өөрийнхийгөө бүрдүүл.

Харин дугуйн гадна талд зорилгоо бичээрэй. Оны эцэст ажил дээрээ тийм ажил хийсэн байна. Амралтаараа тийшээ аялна гэх мэт. Эдгээр зорилго зорилтууд нь биелүүлж болохуйц байх хэрэгтэй.

Жишээ нь:

Гэр бүл

  • Эмээтэйгээ долоо хоногт хоёр удаа ярьж байх
  • Дүүгээ салхилуулж, ээжтэйгээ цай уунгаа ярилцах
  • Эхнэртэйгээ хоёр долоо хоногт нэг удаа үзвэр үзэх
  • Гэр бүлээрээ сардаа нэг удаа хоолонд орох гэх мэт

Эрүүл мэнд

  • Шүдээ үзүүлэх
  • Шинжилгээ өгөх
  • Амин дэм хэрэглэх
  • Спортоор хичээллэх
  • Зөв хооллох

Хувь хүний хөгжил

  • Ажил, хобби, сонирхлоороо сургалтад суух
  • Жилдээ 30 ном унших
  • Уншсан номынхоо тэмдэглэлийг хөтлөх зэрэг өөрт хамгийн чухал гэж бодсоноо л бичих хэрэгтэй.

Хэрвээ та аливааг нарийн төлөвлөж сурсан бол улирал улирлаар нь, өвөл, хавар, зун, намар хийх зүйлээ нарийвчлан төлөвлөөрэй.

Мөн тухай бүрд нь ойрын хоёр сарын төлөвлөгөөгөө нарийвчлан гаргаарай.

Жишээ нь: нэг, хоёрдугаар сард өмнөө 10 зорилго тавиад –ажлын, эрүүл мэндийн, харилцааны гэх мэтчилэн гурав хуваагаад тэдгээрийг заавал биелүүлээрэй. Учир нь биелүүлэхгүй бол та жилийн бүхэл бүтэн 60 хоногийг үр дүнгүй, сонирхолгүй өнгөрүүлсэн байх болно.

Жишээ нь нэг, хоёрдугаар сард

Ажлын

  • ...гэрээ хийх
  • ажлын төлөвлөгөө боловсруулж, уулзалт товлох

Эрүүл мэндийн

  • Өглөө бүр дасгал хийх
  • Эмчдээ үзүүлэх
  • Агаарт гарах

Нэгдүгээр сарын хамгийн чухал үйл явдал

  • Миний төрсөн өдөр г.м.

ЭЦЭСТ НЬ ТАНД ШИНЭ ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН, ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙХЫГ ЕРӨӨЕ!

Сэтгүүлч А.Наранцацрал

X
Нэвтрэх