Цагаан сараар бага насны хүүхэдтэй айлд очихгүй, хүүхдээ авч гадуур явахгүй байхыг анхааруулъя
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл, Томуугийн тархалт нэгдүгээр сарын 3-4-нөөс эхлэн дэгдэлт хэлбэрээр гарч сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байна. 11 аймаг, нийслэлийн хэмжээнд дэгдэлт хэлбэрээр гарсан. Эмнэлэгт хэвтэх, хүндрэх магадлалтай хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхээс мөн өндөр байна. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр томуугийн тархалтын 40 хувийг А хүрээний H1N1 вирусийн тархалт эзэлж байна.
Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Өвчлөлийн өнөөгийн байдлаас харахад томуугийн тархалт цагаан сарын үеэр бүс нутгийн хэмжээнд биш, улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна гэсэн мэдээлэл өгөв. Иймд иргэд сар шинийн баярын үеэр бага насны хүүхдээ айлаар авч явахгүй, бага насны хүүхэдтэй айлд олноороо очихгүй, хүн бүр хариуцлагатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.
А хүрээний H1N1 вирусийн тархалт зөвхөн Монголд биш ОХУ, Хятад, Япон, Австрали зэрэг оронд томуугийн дэгдэлт эрчимтэй тархаж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 977 орноос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байгаа аж. ЭМЯ-наас орны зохицуулалт хийж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Хүүхдийн тасагт нэмэлт 40 ор тавьж, Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үйлчилгээг шилжүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.
"Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд нөөцөө бүрэн ашиглан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг сонгомол үйлчилгээтэй “Тамифлю” эмийг нийлүүлсэн. Ийм үед эцэг, эхүүд хүүхдийнхээ асаргаа сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээн ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл зөвлөв.
Сэтгүүлч Э.Оргил