fbpx

Хүүхдийн хөгжил

image

Байгалийн хүчин зүйлүүдээр хүүхдийг чийрэгжүүлэх нь хүрээлэн байгаа орчинд хүүхдийг дасгах, тэсвэртэй болгох төдийгүй бие бялдрын хүмүүжлийн салшгүй нэг хэсэг болдог. Аливаа чийрэгжүүлэлт 2 долоо хоног завсарлавал үр дүнгүй болдог ба тухайн хүүхдийн эрүүл мэндийн онцлогт тохирсон байх ёстойг анхаараарай. Чийрэгжүүлэлтийг эрүүл, тайван, хөгжилтэй сэргэлэн үед нь хийх хэрэгтэй.

УСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТ

Биеийн хэмээс эхлэн усны халууныг аажмаар буулгаж олон янзын арга хэрэглэн чийрэгжүүлнэ.

  1. Бүх биеийн угаалга

Хүй цөглөсөн үеэс эхлэн буцалсан усыг 36-35 хэм болтол хөргөж орой унтахын өмнө угаагаад хүзүү, чихний ар, суга, цавинд цацлах хийнэ. 6 сар хүртэлх хүүхдийг өдөр бүр, 6 сараас 1 нас хүртэл нь өнжөөд нэг угаана. Ингэхдээ 7 хоногт нэг л удаа савандаж угаана.

  1. Өглөөний болон үдийн унтлагын дараах угаалга

Хүүхдийг өглөө сэрэнгүүт, өдөр унтаад босонгуут хүйтэн бүлээн усаар нүүр гарыг угаах нь чийрэгжүүлэх, нойрноос сэргээх ач холбогдолтой.

  1. Хөл угаах

1,5 настайгаас нь хүүхдийн дулаан хөлийг биеийн халуунтай адил бүлээн ус түмпэнд хийн угааж усны хэмийг өдөр ирэх тусам багасгасаар хүйтэвтэр бүлээн болгоно. Нэг удаадаа 1-2 минут угаах бөгөөд унтлагын дараа угаахад тохиромжтой.

  1. Усаар тоглох 

Мөн 1,5 наснаас нь тоглоомоо угаах боломж олгон усаар тоглуулаарай. Усны хэмийг мөн өдөр ирэх тусам багасгана. Хэтэрхий удаан тоглуулах хэрэггүй. Энэ арга чийрэгжүүлэхээс гадна хөдөлмөрт дуртай болгох эхний алхам болно.

  1. Усан арчилт

5 сартайгаас эхэлж болно. Хуурай, үсэрхэг зөөлөн алчуураар 7 хоног орчим хүүхдийн биеийг арчиж арьс нь хурдан улайдаг болсон үеэс усан арчилтад шилжинэ. Өглөө юм уу өдөр унтаад босоход хийнэ. Усны хэм хүүхдийн биеийн хэмтэй ойролцоо байх ба 7 хоног бүр усны хэмийг 1 хэмээр багасгаснаар бүлээн болгоно.

Алчуураа усанд дүрж базаад, эхний долоо хоног зөвхөн цээжин бие, дараа долоо хоногт доод биеийг арчина. Хуруунаас мөр хүртэл, цээжийг цагны зүүний дагуу дугуйлж, нурууг нуруунаас суга хүртэл гэсэн чиглэлээр, цээжийг цагийн зүүний дагуу дугуйлж, гэдсийг цагийн зүүний дагуу мөн дугуй хөдөлгөөнөөр, өгзгийг өнгөц арчина. Хөдөлгөөн бүрийг 2-4 удаа давтана. Хэсэг бүрийн усан арчилтын дараа дор нь хуурай алчуураар  арчин хучна.

  1. Усан шавшлага

Хүүхдийг 1 настайгаас эхлэн цэцэг усалдаг савтай 35-36 хэмийн бүлээн усыг толгойноос бусад хэсэгт 1-2 минут шүршинэ. Усны хэмийг 7 хоногт нэг хэмээр багасган бүлээвтэр болгоно.

  1. Усанд сэлүүлэх

Салхигүй, 24-25 хэмийн дулаан өдөр, усны хэм 23-25 хэм байхад тохиромжтой. Хүүхдийг 1,5 наснаас нь бусдын тусламжтайгаар сэлүүлнэ. Хүүхдийн биеийн байдлаас хамаарч 1-3 минутаар эхлэн яваандаа 10-15 минут оруулна.

Эх сурвалж: 2 хүртэлх насны хүүхдийн хооллолт

Зөвлөх: М.Оюунбилэг /Анагаах ухааны доктор/

X
Нэвтрэх