fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхийн хүүхдүүдийг халуун дулаан орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлөөр хангах зорилгоор “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны Хүүхдүүд-2” цэцэрлэгийн нээлт өчигдөр боллоо.

Улаанчулуутын хогийн цэгт өдөрт дунджаар 400 гаруй иргэд ажиллаж, амьдардаг бөгөөд 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, “Улаанчулуутын ойр орчимд амьдардаг айл өрхийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломж бүрдлээ. “Нарны хүүхдүүд-1” төслийг бид 2013 онд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд одоо 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна. Харин одоо нээлтээ хийж буй “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг нь 150-200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм. “Нарны хүүхдүүд 1,2” цэцэрлэг хүүхдүүдэд сургуулийн өмнөх  боловсрол эзэмших боломжийг олгож байгаагаас гадна эцэг эхчүүдэд тогооч, туслах, галч зэрэг олон ажлын байрыг  бий болгож өгснөөрөө ажиллах нөхцөлийг сайжруулж буй давуу талтай юм” гэсэн юм.

Улаанчулуутын хогийн цэг 8 км хүртэл үргэлжилдэг бөгөөд “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг хогийн цэгийн зүүн хойд хэсэгт байрладаг. Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч буй хүүхдэд хүрэхийн тулд “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг  барьжээ. Тус цэцэрлэгийг бүтээн байгуулахад зарцуулагдсан 1,2 тэрбум төгрөгийг гадны болон дотоодын хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр бүрдүүлж Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй байна.

2018-2019 онд "Нямбаатар сан"-гаас СХД-ийн 9, 65 -р сургуульд шүдний хоёр эмнэлэг, СХД-ийн 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэгийн байрыг засварлан 60 хүүхдийн цэцэрлэг байгуулсан байна. "Нарны Хүүхдүүд-2" цэцэрлэг нь тус сангаас санхүүжүүлэн байгуулсна хоёр дахь цэцэрлэг юм.

“Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өгөөдэй-Ази” компани ямар нэгэн бизнесийн ашиг авалгүй зөвхөн төсөвт өртгөөр барьж гүйцэтгэжээ.

Сэтгүүлч Э.Оргил

X
Нэвтрэх