Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг Хүний эрхийн үндэсний комиссоос сэрэмжлүүлж байна.
Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унах тохиолдол ихээр гарсан билээ.
Унаач хүүхдүүд мориноос унаж, бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.
Сэтгүүлч А.Мишээл