fbpx

Боловсрол

image

-Цагаан сарын мэндлэн золгох ёс- 

ХАДАГ БАРИХ ЁС

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байна. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, cap, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа ёслолын тухай билэгтэй үг хэлж сүүлд нь баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухайд доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг эртнээс нааш маш ховор нандин, хүндэтгэлийн эд зүйл учраас хүүхэд хадаг барин золгодоггүй. Харин багш шавийн барилдлага үүсгэхэд багшдаа барих нь бий.

ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁС

Хадгаа золгож буй хүндээ үлдээдэг. Өндөр настан буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох нь ихэд хүндэлж буйн илрэл юм. Дүү хүн хадагны эвхээсний амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг нь бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина.

Хадаг барихад хэлэх үгс:
Цаглагшгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээд ариун цагаан хадаг

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЁС

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүр мөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгөлгүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та "энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна" гэж бодоорой.

ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭН МЭНДЛЭХ ЁС

Цагаан cap бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настангуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж cap шинэдээ сайхан шинэлж байна уу?

Таны бие лагшин тунгалаг уу
Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу

гээд хөөргөө харилцан солилцож тамхилан мэндээ мэдэлцдэг. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгадаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийллийн нэгэн болдог ажээ.

Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг "Тамхилдаг заяатай шар", "Мэндийн шар", "Мэнд сайхны тамхи" хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.

Мэндлэхдээ залуу хүн ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барина. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг байна. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болно.

Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэнэ.

Сэтгүүлч Э.Онон

X
Нэвтрэх