• Мэдрэх
• Хэмжээ хязгаар тавих
• Сонголт хийлгэх
• Шийдвэр гаргах
Эхлээд нэгэн жишээг авч үзье. 7 настай хүү орой унтах цагтаа унтахаас дургүйцэж, янз бүрийн шалтаг хэлнэ. Аав нь тэрхэн үед уур нь хүрсэн боловч хүүдээ уурлаж, дуугаа өндөрсгөсөн нь бид хоёрын хооронд үл ойлголцол л нэмэгдүүлэхээс өөр үргүй байгаа гэдгийг санав. Тэгээд хүүгийнхээ ор луу дөхөж очин дараах байдлаар ярилцжээ.
Аав: Би чамайг оройтож унтлаа гэж зэмлэх гэсэн юм биш ээ, би ч бас жаахан байхдаа эрт унтах дургүй байсан. Эрт унтвал ямар нэг гоё зүйлээс хоцрох юм шиг санагддаг байсан. /Өөрийг нь мэдрэх/
Хүү: (аавынхаа өөртэй нь ижилхэн бодолтой байгаад гайхан) ЯГ ТИЙМ!
Аав: Гэвч бид бүгд эрүүл мэндээ хамгаалж, дараагийн өдөр сэргэлэн цовоо байхын тулд цагтаа унтаж байх хэрэгтэй. Тэгээд ч их унтвал ухаан зөндөө их болдог. Тийм болохоор чи ядартлаа тоглож болохгүй шүү заа. /Бодит тайлбар, хэмжээ, хязгаар/
Хүү: Тэгсэн ч гэсэн унтмааргүй байна. Дэндүү эрт байна.
Аав: Ммм..., Тэгвэл нэг арга байна. 30 минут байж байгаад унтаж болно. Тийм болохоор энэ 30 минутад чи өөрийнхөө хэрэгтэй зүйлээ хий. Ном унших ч юм уу. /Сонголт/
Хүү: Зурагт номоо уншиж болох уу? Эсвэл заавал хичээлийн номоо юм уу? Бас хүүхэлдэйгээ жоохон л үзмээр байна.
Аав: Зурагт номоо уншсан ч болно шүү дээ. Хүүхэлдэйгээ үзнэ гэвэл яг 10'. Гэхдээ болзолтой. Маргааш чи ядрах юм уу, өглөө босох цагтаа босч чадахгүй, мөн 30 минут өнгөрсөн ч унтахгүй байвал, маргааш оройноос эхлэн зурагт ном, хүүхэлдэй болон өөр ямар нэгэн зүйл хийхгүйгээр унтах цагтаа л унтаж байна. Ойлгосон уу, тохирох уу? /Хамтын шийдвэр/
Хүү: Ойлголоо.
4 алхмыг дүгнэж үзвэл:
Мэдрэх: Хүүхдэдээ тулгарч буй асуудалд хандахдаа та өөрийгөө оронд нь тавьж үзэн хамтран нэг шийдэлд хүрч байвал хүүхдийнхээ хувьд эцэг эх гэдэг том дайсан нь биш найз нь мэтээр төсөөлөгдөн цаашид ч илэн далангүй байх нөхцөл бүрддэг. Энэ нь аливаа зүйлийг хялбархан ялж /муудалцахгүйгээр/ ялагч болох суурь тавьж буй явдал юм.
Хэмжээ, хязгаар: Хүүхдэдээ аливаа зүйлийн хэм хэмжээг ойлгуулж, тэр хэм хэмжээтэй холбоотой үнэн зөв шалтгааныг тайлбарлангаа асуудлыг шийдвэрлэж болно. /хэт найр тавьж өгөхгүй/ “Би тэгж хий гэсэн бол тэгж л хий!” гэсэн ярианаас илүүтэйгээр “байдал ..... учраас чи ........хийх хэрэгтэй” гэх мэтээр ярилцвал хүүхэд маш сайн хүлээж авдаг.
Сонголт: Хүүхэд ихэнхдээ сонголт хийх боломжгүй үедээ бухимддаг. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцахдаа “Би чамтай энэ талаар зөвлөлдөхийг хүсч байна”, “Чиний бодлоор ..........ямар вэ? Эсвэл ........ зүгээр үү” гэх мэт сонголт, боломжийг олгож байх хэрэгтэй.
Шийдвэр: Хэдийгээр хүүхдийн гаргаж байгаа үйлдэл танд таалагдахгүй байсан ч, хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож, тэдний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийн учир шалтгааныг олж харахыг хичээн, шийдвэр гаргахдаа тооцож үзэх нь чухал юм.
ААВ ЭЭЖ ТА ҮРСИЙНХЭЭ заагч сургагч багш нь биш ХАРИН түүнд үлгэрлэгч ХАМГИЙН АНХНЫ НАЙЗ НЬ ГЭДГЭЭ БҮҮ МАРТААРАЙ.
Г.Төмөрзаяа /БНСУ-ын Чонбук Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр/
Эх сурвалж: Oak education гэр бүлийн боловсролын төв