Австралид маш ховор тохиолдох хагас өндгөн эсийн ихэр хүүхдүүд дөрвөн жилийн өмнө төрсөн талаар анагаахын мэргэжилтнүүд мэдээлжээ. Энэ нь анагаах ухааны салбарт бүртгэгдсэн хоёр дахь тохиолдол аж. Анхных нь АНУ-д 2007 онд бүртгэгдсэн байна.
Угтаа нэг эр бэлгийн эс нэг эм бэлгийн эстэй нийлж хоёр хуваагдан нэг өндгөн эсийн ихрүүд бий болдог бөгөөд эцгээсээ 100 хувь ДНХ, эхээсээ мөн л 100 хувь ДНХ авдаг байна.
Эсвэл хоёр эр бэлгийн эс хоёр эм бэлгийн эстэй нэгдэж, хоёр өндгөн эсийн ихрүүд бий болж, эцэг эхийнхээ генийг 50, 50 хувиар авдаг аж.
Гэвч энэ удаад ховор тохиолдол гарчээ. Өөрөөр хэлбэл хоёр эр бэлгийн эс нэг өндгөн эстэй нэгдэж үр тогтсон байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ийм үр хөврөл цаашид амьдардаггүй байна.
Энэ үйл явдал дөрвөн жилийн өмнө Австралид гарсан бөгөөд ээж нь эсэн мэнд амаржиж охин, хүү хоёр төрүүлжээ.
Тэд ээжээсээ ДНХ-г 100 хувь авсан бол эцгийнхээ ДНХ-г хуваан авчээ. Гени судлаачдын үзэж буйгаар тэд нэг ч биш, бас хоёр ч өндгийн эсийнх биш, харин тэр хоёрын дундынх буюу хагас өндгөн эсийн ихэр гэж үзэж байна.
Тус улсын Брисбен хотын Хатан хааны эмэгтэйчүүдийн эмнэлэгт эх, хүүхдүүдийн эрүүл мэндийг ажиглаж байсан багийн ахлагч профессор Николас Фиск энэхүү нээлтийг 2014 онд жирэмсний үзлэг хийж байхдаа хийсэн байна.
Нэг өндгөн эсийн ихрүүд ижил генотиптэй байдаг бол хоёр өндгөн эсийн ихрүүдийн генийн 50 хувь орчим нь ижил байдаг ажээ.
Сонирхуулахад, ховор тохиолдолд хоёр өөр эцгийн хоёр өндгөн эсийн ихрүүд төрөх магадлалтай байдаг гэнэ.
Эх сурвалж: BBC
Сэтгүүлч А.Мишээл