Хүүхэд нас нэмэгдэх тусам янз бүрийн онцлогийг илэрхийлсэн шилжилтүүд явагдаж байдаг. 4-5 насыг "Уяанаас алдуурсан нас" хэмээн тодорхойлдог.
Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс болж тэдний зан байдлын гэнэтийн өөрчлөлтөд гайхаж бухимдах нь олонтаа. Зөөлөн дөлгөөн үрс нь гэнэт л үгэнд орохгүй, сахилгагүйтэж эхэлбэл гайхах нь мэдээж л дээ.
ДӨРВӨН НАСТНУУДЫН ГОЛ ОНЦЛОГ
Дөрвөн настнуудын тоглож байхыг харахад сүрдүүлэг, хашгираан, хатуу шаардлага, маргаан голлодог. Тэгсэн хэрнээ хамтарч тоглох, найзуудтай болохыг их хүсдэг. Бүх зүйлд л "би би, би өөрөө" гэх болно. Энэ насанд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү, бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг өөрсдийн санасан зоргоор аашилна.
Гэр зуур болон танил орчинд хөдөлгөөнтэй дуу чангатай, пээдгэр байх ч олон нийтийн, танил бус орчинд бүрэг ичимтгий, дуугүй бас аймхай болж эсрэгждэг. Тэнэг, бүдүүн гахай, ховдог, муухай, хайргүй гэх зэрэг үгсийг амархан тусгаж авч хэрэглэх дуртай.
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНДУУРАЛ
Тэд бүхэл өдөржин гүйж, тоглож наадна. Ярих хүсэл нь хязгааргүй. Тэдний тавих асуулт өдрөөс өдөрт ихсэж, өчүүхэн л шалтаг гарвал ярьж байдаг. Ганцаараа байсан ч ярина. Харин ярилцах хүнгүй, зурагт их үздэг бол хэл ярианы болон сэтгэхүйн хөгжилд сөрөг өөрчлөлт гардаг. Гэтэл өнгө болон ойр зуурын үгээ англи үгээр хэлэх үед нь аав ээж нар хэл сурч байна хэмээн эндүүрэн зурагт үзэхийг нь хязгаарлахаа больдог. Тиймээс энэ насанд эцэг, эхчүүд хэл ярианы болон сэтгэхүйн зөв хөгжилд нь анхаарах хэрэгтэй. Аль болох зурагт ном уншиж харилцан ярилцах, сонирхолтой асуултуудаар тоглоом тоглох байдлаар аль болох төсөөлүүлэн бодуулж ургуулан сэтгэх боломжийг өгч байх нь зөв.
ТЭДНИЙ ТОГЛООМ
Тэд үзсэн харсан зүйлээ яг л даган дуурайж тоглоно. Дээр нь тэд маш гярхай болдог. Тиймээс энэ үед үзүүлж буй хүүхэлдэйн киноныхоо агуулгыг сайн хянаарай. Энэ насны хүүхдүүд Супермэн, Спайдэрмэний шүтэн бишрэгчид байдаг. Мөн тэд айл гэр болж тогловол, ээж болсон нь хүүхдүүдээ загнана, аргадна, хоолоо хийнэ, магадгүй хүүхэлдэйнхээ бөгсийг тонших ч байх. Аав харин зурагтаа үзээд, утсаар яриад хэвтэнэ шүү дээ. Эндээс та өөрийгөө тольдож болно.
ТЭДНИЙ ХӨГЖЛИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ
Дөрвөн насанд үгийн нөөц их нэмэгдэнэ. Гэхдээ голдуу: ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юм уу хааяа л гуйх, хүсэх, төлөвийн үгс хэрэглэдэг.
Хүүхдийн хамгийн эрчимтэй үе бол 4-5 нас. Энэ насанд шийтгэл зэмлэлээс илүүтэй хамт байх, ШАНТРАЛГҮЙгээр зурагт номын тусламжтай харилцан ярилцах, үлгэр ярьж өгөх- яриулах, хамтдаа тоглох, тоог 1-10 хүртэл, буцаад 10-1 хүртэл тоолуулах, урагшаа 10 алхаад, ухарч 10 алхах, ялгааг олуулах, өнгөөр будах гэх зэргээр хөгжүүлбэл хоёр тархи маш хурдацтай зэрэг хөгждөг шүү.
Мөн, нэг уншсан номоо дахин дахин уншуулах хүсэлтэй байдаг. Та залхалгүй зэмлэлгүй тааваар нь дахин уншиж өгөөрэй.
Г.Төмөрзаяа (Oak education гэр бүлийн боловсролын төв)