Нийгэмд зодох, бэлгийн хүчирхийлэлд автуулах зэргийг хүчирхийлэлд тооцдог ч хүчирхийлэл гэдэг маш өргөн хүрээг хамарч байдаг.
Жендэрт суурилсан хүчирхийлэлд гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа бие махбодийн, эдийн засгийн, сэтгэл санааны, үл хайхрах хүчирхийллйин хэлбэрүүд, бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, эрт гэрлэлт зэргийг ойлгодог байна.
Ямар ч төрлийн хүчирхийлэл бай бид нийгэм даяараа үүнийг үл тэвчих соёлд суралцах ёстой.
Хэрвээ та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн, орон байр, хашаа хороо, гудамж талбайд танд хамааралгүй мэт санагдсан хүн ч хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртөж байгаа бол нэн даруй цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй.
Мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багт мэдэгдэж болно.
Ингэснээр та өөрийгөө болон үр хүүхдээ, хэн нэгнийг хүчирхийллийн хохирогч болж эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэх, урт хугацаанд үргэлжилсэн хүчирхийллийг таслан зогсоож чадах юм.
Нэн даруй цагдаад хандаарай
Та Цагдаагийн байгууллагын 102 болон хүчирхийллийн мэдээлэл үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг 107, хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаарын утсанд хандаарай. Эдгээр дугаарууд нь үнэ төлбөргүй бөгөөд 24 цагийн турш ажилладаг байна.
Мөн өөрийн биеэр өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад очиж хандах боломжтой.
Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан "Хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гомдол гаргана" хэмээн заасан байдаг.
Улс даяар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
Хохирогчийн амь нас эрүүл мэндэд шууд аюул учирсан тохиолдолд цагдаагийн байгууллага хамгаалалтад авч, түр хамгаалах байранд шилжүүлэх, бусад үүрэг хүлээсэн байгууллагуудад холбож өгдөг.
Мөн хэрвээ та хүчирхийллийн талаар мэдээлэл өгсөн бол таны мэдээллийг нууцалдаг хуулийн тогтолцоо бүрдсэн юм.
Хуульд зааснаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно гэжээ.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй бол
Хуульд заасанчлан
- бүх шатны боловсролын байгууллагын багш,
- эмнэлгийн мэргэжилтэн,
- нийгмийн ажилтан,
- хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.
Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй.
Цагдаа дуудах шаардлагагүй гэж үзвэл
Мөн та хорооны нийгмийн ажилтан, 107 утсаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 96490505 утсаар нөхцөл байдлын мэдээллээ өгч, зөвлөгөө авах боломжтой юм.
Мэдээлэл өгснөөр тухайн байгууллагаас танд ямар үйлчилгээ үзүүлэхийг зөвлөж, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгч, ХЭҮТ өөрийн хамгаалах байрандаа шилжүүлэх боломжтой.
Сэтгүүлч А.Мишээл