Хүүхдэд аавтайгаа хамт өнгөрүүлсэн дурсамж насан туршид үлддэг ба хүүхэд ааваасаа аливаа зүйлийг сурахад бэлэн байдаг бөгөөд шинэ юмыг шууд хүлээн авч дуурайдаг байна. Энэ талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн зөвлөгөөг хүргэе.
Хүүхдийн бага насанд аавын оролцоо илүү байдаг ба аав хүүхдэд цаг гаргах, ярилцах, тоглох зэрэг нь хүүхдийг өөртөө итгэлтэй байхад нь их нөлөөлдөг. Хүүхдэд багаас нь аав нь эр хүний зөв шинж чанарыг зааж өгөх хэрэгтэй. Ингэснээр:
1. Аливаа зүйлд ялах, хожигдох гэж байдгийг тоглоомоор дамжуулан ойлгуулах
Тоглоом, тэмцээнд оролцон ямар их хүч зардаг, өөрийн хөдөлмөр чармайлтаар хождог эсвэл хожигдох нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин боломж байгааг тооцоолж сурна.
2. Эр хүн ямар байх талаар сайн ярилцаарай
Уураа хэрхэн барих, үгээ тэвчих, амьдралд бусдын төлөө болон өөртөө ямар үүрэг хүлээдэг талаар ярилцаарай.
3. Хүний итгэл даадаг байх
Найз нөхдийнхөө итгэл, хайр хүндэтгэлийг хэрхэн хүлээх талаар аав өөрийн амьдралын дурсамж, туулж өнгөрүүлсэн бодит жишээн дээрээ тулгуурлан ярилцаж байх.
4. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй инээх, ярилцах, хамт хоол идэх, гэрт нь дөхүүлүүлэх зэрэг нь хүн хоорондын энгийн нөхөрсөг харилцааны илрэл бөгөөд эрэгтэй хүнд ойртон дотносох гэсэн ямар нэгэн санаа биш болохыг ойлгуулах нь зүйтэй. Хэрэв аав та өөрөө ингэж боддог бол энэ өдрөөс эхлэн эмэгтэй хүний талаарх төсөөлөл, хандлагаа зөв болгоорой. Эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар зааж өгөх нь бага насны хүүхдийн хүмүүжилд маш чухал ач холбогдолтой юм.
Сэтгүүлч А.Наранцацрал