fbpx

Боловсрол

image

Боловсролын яамд, мэргэжлийн төвийнхөн жил бүрийн хаврын улиралд ирэх жилийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэж баталдаг. Тэгвэл тус хэлэлцүүлэг өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо. Энэ жилийн сургалтын төлөвлөгөө нь өмнөх жилүүдээс мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй, харин дараах шинэчлэлийг хийсэн байна.

“ШАЛГАЛТЫН ДОЛОО ХОНОГИЙГ ТУСАД НЬ ГАРГАЖ ӨГӨХӨӨР БОЛСОН”

Ерөнхий боловсролын сургуульд дунджаар хичээллэх 34 долоо хоног төлөвлөгддөг. Энэ хугацаанд улсын, улирлын шалгалт авах гэж нэг долоо хоног хичээл орохгүй тасалдах, төлөвлөгөөний дагуу хэрэгжихгүй байх хүндрэл гардаг тул ирэх жилээс эхлэн шалгалтын долоо хоногийг тусад нь гаргаж өгөхөөр боллоо. Ингэснээр багш нар сурагчдадаа сургалтын агуулгаа бүрэн ойлгуулж чадна гэж үзэж байна.

ЭНЭ ОНЫ ТӨГСӨГЧИД СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГААР СУРАЛЦСАН АНХНЫ ТӨГСӨГЧИД

Сургалтын цөм хөтөлбөр 2014 оноос эхлэн бага боловсролын, 2015 оноос суурь боловсролын, 2016 оноос эхлэн бүрэн дунд боловсролын системд хэрэгжсэн ба энэ оны төгсөгчид нь цөм хөтөлбөрөөр суралцсан анхны төгсөгчид болж байна.

Энэ жил орон даяар нийт 43943 багш ажиллана. Эдгээр багш нарт сургалтын хөтөлбөрийг танилцуулж мэдээлэх 550 сургагч багшийг Багшийн мэргэжлийн интситутиас бэлтгэж байна.

“ЕБС-ИЙН СУРАХ БИЧГИЙГ ОНЛАЙН ХЭЛБЭРЭЭР АШИГЛАХЫГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА”

Цөм хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу сурах бичигт агуулгын тодорхой өөрчлөлтийг багтаан шинээр хэвлүүлэхээс гадна онлайн хэлбэрээр түлхүү нийтэлнэ. “Сурах бичгийн агуулгыг шинэчилж  хэвлүүлэх нь их хугацаа шаарддаг. Тиймээс багш, сурагчдадаа онлайн байдлаар нийтлэгдсэн сургалтын материалыг түлхүү санал болгож байгаа” гэж Боловсролын хүрээлэнгийн захирал Х.Лхагвасүрэн хэллээ.

“НИЙГМИЙН БАЙДЛААС ШАЛТГААЛАН ЕБС-ИЙН СУРАГЧИД 21-30 ХОНОГ АМАРНА”

2019-2020 оны хичээлийн жилд Монгол улсын газар зүйн байрлал, цаг агаар, халдварладаг өвчин эмгэг, замын түгжрээ, осол бэртэл гэх хүчин зүйлсээс шалтгаалж,

  • Улаанбаатар хотын сурагчид II улиралд 21-30 хоног
  • Орон нутгийн сурагчид III улиралд 21 хоног амраах төлөвлөгөөг гаргаад байна.

“ИРГЭНИЙ БОЛОВСРОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ҮНДСЭН ХИЧЭЭЛ БОЛГОНО”

Биеийн тамир болон эрүүл мэндийн хичээл хамтдаа агуулагддаг байхад эрүүл ахуйн дадал зуршил орхигдож байсан тул өнгөрсөн жилээс эхлэн тусад нь хичээллүүлэх болсон. Тэгвэл энэ оноос эхлэн сургалтын төлөвлөгөөнд сургалтыг дэмжих үйл ажиллагаагаар хэрэгжихээр тусгагдсан Иргэний боловсролын хичээлийг үндсэн хичээл болохоор төлөвлөжээ. Ингэснээр

- Бага ангийн сурагчдад Монгол ёс хүмүүжлийн талаар,

- Бүрэн дунд боловсролын сурагчдад ёс зүйтэй иргэн болж төлөвших талаарх хичээлүүдийг зааж, хичээлээс гадуур олсон мэдлэгийг сургууль талаас дэмжих боломжит цагийг бүрдүүлэх юм.

Б.Энхжаргал

X
Нэвтрэх