fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Хүүхдээ салхилуулахад асуудал байна уу?

Ээж, хүүхэд 2 төрөх эмнэлгээс гараад гэртээ эхний 7 хоног дулаахан, тайван байх ёстой. Харин дараа нь хүүхдээ аль болох агаарт ойр ойрхон гаргахгүй бол хүүхэд агаарын дутагдалд орох тохиолдол бий. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг эхлээд агаарт гаргахдаа өглөө юм уу 11 цагийн наранд агаарт гаргах нь чухал бөгөөд 5,10 минут эхэлж гаргаад дараа нь  цаг агаарын байдлыг харж байгаад хугацааг уртасгаж болдог аж.

Хүүхдээ салхилуулахад ямар ямар асуудал байдаг бол?

Энэ талаар бид Баянзүрх дүүргийн 16-р хорооны хүүхдээ салхилуулж байсан эцэг эхчүүдээс тодрууллаа.

3 сартай нярайн ээж:

-Миний анхны төрөлт. Анх хүүхдээ салхилуулахаар гарч байхад ээжүүдэд суух сандал их хомс байсан.  Сандал, саравч байсан ч удаан суухад их хүндрэлтэй байдаг. Учир нь хүүхдүүд тоглож, бага насны хүүхдээ салхилуулдаг газар дүүрэн тамхины иш, нус, цэр хаячихсан байсан. Өмнө нь анзаардаггүй байсан зүйлээ хүүхэдтэй болоод л анзаарлаа. Учир нь нярай хүүхдэд энэ нь их хортой байдаг гэж уншиж байсан. Ямар ч эх хүн хүүхдээ хортой орчинд салхилуулахыг хүсэхгүй байх.

5 сартай нярайн ээж: 

-Бага хүүхдээ салхилуулж байна одоо хоёр хүүхэдтэй. Анхны хүүхдээ салхилуулж байхад ч, одоо ч тэр нэг л зүйл сэтгэл эмзэглүүлдэг юм. Хүүхдүүдийн тоглоомын газар тамхи татаад, тамхиныхаа ишийг газар хаяад гишгэж унтраагаад байдаг хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. Тамхины утаа хүүхдүүдэд ямар их хортой билээ? Манай улс агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдож байхад тэр их утаа хангалтгүй байна уу, гэж хэлмээр санагддаг. Ядаж хүүхдийн тоглоомын газар тамхи битгий татаасай.

4 настай хүү болон 3 сартай нярайн ээж: 

-Хоёр хүүхэд зэрэг салхилуулах хэцүү. Дөрвөн нас гэдэг ид хөдөлгөөнтэй байдаг нас. Найзуудтайгаа тоглож байгаад унаж бэртэх асуудал зөндөө гардаг. Гарах бүрдээ өвдгөө шалбалах, тохойгоо урах зэргээр гэмтдэг. Уг нь сүүлийн үед шинээр баригдаж байгаа орон сууцнуудын тоглоомын талбайг зориулалтын зөөлөвчтэй хийгээд байх шиг байсан. Ядаж тийм зөөлөвчтэй талбай хийж өгвөл хүүхэд бэртэх нь бага болох байх.

5 сартай нярайн аав:

-Би ажилтай байдаг болохоор төдийлөн хүүхдээ салхилуулаад байж чаддаггүй. Өнөөдөр амралтын өдөр болохоор хүүхдээ салхилуулахаар гарч ирсэн. Энэ богино хугацаанд ажигласан зүйл гэвэл хүүхдийн аюулгүй байдал. Зуны улирал болохоор хүүхэд бүр л гадаа тоглох гэдэг байх. Өсвөр насны том хүүхдүүд гарбөмбөг тоглоод ийш тийш нь хамаагүй цохиод бага насны хүүхдүүдийг оноод, гэмтээгээд байдаг юм байна. Тоглох талбай нь жижигхэн болохоор өөр хаана ч тоглох билээ. Өөр газар очиж тогло гэж хэлэх эцэг эхчүүд зөндөө ажиглагдсан. Хэн л хүүхдээ бөмбөгөөр цохиулахыг хүсэх билээ. Миний бодлоор нярай хүүхэд салхилуулах талбай, өсвөр насныхан тоглох талбай тусдаа байх ёстой санагдсан.

8 болон 6 настай хүүгийн ээж:

-Би ажил ихтэй байдаг болохоор байнга хамт гараад байж чаддаггүй хүүхдүүдээ өөрсдөө биеэ даагаад гадаа тоглож чадна гэж итгэдэг. Гэхдээ хамт гараагүй үедээ их санаа зовдог. Манай гэрийн тоглоомын талбай гэлтгүй бүх тоглоомын талбай машин замтай их ойрхон байдаг. Хоёр хүү маань хөлбөмбөг тоглох дуртай учраас бөмбөгөө зам руу өшиглөөд, авах гэж байгаад бэртчих вий дээ гэж их санаа зовдог.

Бид энэ мэтчилэн олон эцэг, эхчүүдээс асууж тодруулсан бөгөөд энд давхардаагүй санааг түүвэрлэн нийтэллээ.

Б.Мишээл

X
Нэвтрэх