fbpx

Эцэг, эхийн өрөө

image

Аав болно гэдэг амьдралд тохиох гайхалтай мэдрэмжүүдийн нэг бөгөөд асар их хариуцлага дагуулдаг. Үүнтэй уялдан олон шинэ, мэдэхгүй зүйлстэй тулгардаг. Хүүхэд эхийн хэвлийд бойжиж байх үед болон мэндэлсний дараа ээж, аавын үүрэг оролцоо адилхан маш чухал байдаг.

СЭТГЭЛЗҮЙГЭЭ БЭЛД:
Хүүхэдтэй болохоор ээжүүдтэй адил аавууд ч сэтгэлзүйгээ бэлдэх ёстой. Хүүхэдтэй болох талаар уншиж судлахаас гадна, эмчийн үзлэгт орох, шинжилгээ өгөх, ЭХО-д харуулахад хамт явах, хүүхдийн нэр бодож олох гээд олон зүйлийг бэлдэх хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНДДЭЭ ХАМТДАА АНХААР:
Хэн хэн нь нойр дутах, ядрах, хэмнэлээ алдаж магадгүй тул шим тэжээлтэй, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийхээс гадна эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй.

ААВЫН АМРАЛТ, ТЭТГЭМЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ШАЛГА:
Байгууллагуудын хөдөлмөрийн гэрээнд шинэхэн аавуудад хүүхдээ халамжлах цаг гаргахад зориулж аавын амралт, чөлөө олгох заалт, бодлого байдаг. Түүнийг судалж үзэж, авах хэрэгтэй.

ИДЭВХ САНААЧИЛГАТАЙ БАЙ: 
Хүүхэд хөхүүлэх, тэврэх, хуурайлах, хооллохоос эхлээд ихэнх ажил эмэгтэйн нуруун дээр буудаг тул тэднийг юу хүсэж байгаагаа хэлэхийг нь хүлээлгүй өөрөө санаачилж, өөрийн хийх боломжтой зүйлээр гар бие оролцож, өөрчлөх хэрэгтэй.

АМЬДРАЛЫГ БҮТЭЭСЭН ДУРСАМЖААРАА ХЭМЖ: 
Хүн өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байж, хүүхдэдээ цаг гаргасан дурсамжаараа аз жаргалтай болдог. Өөрийн хийж чадах зүйлийг баяр хөөртэйгөөр хийж, хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй. Өдөрт хүүхдэдээ багадаа 30 мин зарцуул.

ТА ХҮҮХДЭДЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛ, ХҮҮХЭД ТАНЬ ТОЛЬ ГЭДГИЙГ САНА: 
Жишээ нь, намайг стресстэй байх үед хүүхдэд маань тэр энерги дамжиж, даган дуурайж байдаг. Энэ бол надад дэмий стресстэж санаа зовж суухаа больж, тухайн цаг мөчийг бүрэн мэдэрч амьдрахыг илүүд үзэх хангалттай шалтгаан болсон юм. Мөн миний хэлсэн зүйлийг үг дуугүй хийдэг, хонин сүргийн араас зүгээр л дагаад явдаг хонь шиг хүнийг өсгөмөөргүй байна. Ямар ч нөхцөлд тайван байж аливаа асуудлыг бие даан дүгнэж, шийдвэр гаргаж чаддаг хүн болгож өсгөхийг хүсдэг.

ХЭН БАЙХ НЬ ТЭДНИЙ СОНГОЛТ УЧИР ТА ХАНГАЛТТАЙ БОЛОМЖ ОЛГО: 
Охиноо өөртөө байгаа авьяас, ур чадвар, хүч зоригоо ухамсарлаж түүнийхээ төлөө сурч өөрийгөө нээх хувийн орон зайгаар нь хангаж өгөх үүрэгтэй. Хүүгээ хүнээс зөвшөөрөл авах тал дээр сайн ойлгуулж, ярилцах хэрэгтэй. Нударгаар бүх асуудлыг шийдэх боломжгүйг нь тайлбарлаж өгөх ёстой.

ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ: 
Гэр бүл дотор ямар ч тохиолдолд хамтын шийдвэр чухал бөгөөд шууд “ингэнэ, тэгнэ” гэж дуугарахаас өмнө багадаа 5-10 минут хүн бүрд үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож заншвал том болсон хойно бусдад ч, танд ч хүүхэд тань хүлээцтэй хандах болно.

ХАЙРЛА: 
Хүүхдэдээ хайртай гэж хэлж байхаас эхлээд хайраа илэрхийлж, эерэгээр дэмжих замаар хүмүүжүүлэх, хамгийн чухал нь хүүхдэдээ хайр мэдрүүлж, хайрлагдсан хүн болгож өсгөх хэрэгтэй.

ТЭСВЭР ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ. БИ НАС БИЕД ХҮРСЭН, ТОМ БОЛСОН ГЭЖ БҮҮ БОД: 
Аав болсноор амьдрал дахиад эхэлнэ. Хүүхэд тань нэг настай болбол та ч мөн адил нэг настай аав шүү. Эцэг болсноор төрсний гэрчилгээн дээр таны нэрийг бичсэнээр бүх зүйл дөнгөж эхэлж байна гэсэн үг. Та хайртай эмэгтэйтэйгээ гэрлэж, амьдралаа холбосон шиг дахиад цоо шинэ нэгэн ертөнцтэй нүүр тулж, үхэн үхтлээ хамт амьдарна. Тулсан бэрхшээл, зовлонг нүүр тулах, давах, эргэн өмнөх нөхцөлдөө орох шаардлагатай. Иймээс өөрийгөө хэн ч очоогүй нэгэн шинэ тив нээсэн мэт тэсвэр, тэвчээртэй хүүхдээ хүн болгохыг хүсье.

Г.Сэргэлэнбаатар

X
Нэвтрэх