fbpx

3-5 нас

image

Нас насны онцлогуудаас хамгийн аятайхан нь 5 НАС байдаг.

5 настнууд:

💢 Бусадтай нөхөрсөг, эвтэй тоглож чаддаг болохоос гадна хэн нэгнээс хамааралгүйгээр бие даан тоглоомуудаа удирдан тоглож чадна.

💢 Юу таалагдаж, юу таалагдахгүй байгаа шууд илэрхийлж мэднэ.

💢 Ямар нэг зураг зурахдаа тодорхой зорилготой, нэг нэгэнд зориулсан, олон өнгө хослуулж зурдаг болно.

💢 Бусдаас уучлал гуйж, уучлал гуйхдаа юунаас болсон шалтгаанаа тайлбарлаж мөн талархсанаа илэрхийлж, эелдгээр гуйж ч чадна. Бас тэд уучлах уу, үгүй юу гэдэг хандлагаа маш сайн илэрхийлнэ.

💢 Найзтай болох хүсэл ихэснэ. Гэртээ байхаас илүүтэй цэцэрлэг, хамаатны хүүхдүүд, тоглоомын талбайд найзуудтайгаа байх дуртай.

💢 Үсэрч харайж, эрчтэй гүйж, аль болох адармаатай саадтай замаар явахыг эрмэлзэнэ. Шат байхад хажуугийн тусгай замаар гүйж явах г.м

💢 Бохир гар, шүдний өвчлөл, утааны маск гэх мэт эрүүл ахуйн хэв маяг, учир шалтгааныг тайлбарлаж өгвөл сайн ойлгож эерэг дадлыг томчуудаас илүү үнэнчээр өөртөө хэвшүүлж чадна.

💢 Таних тэмдэг, санамж, гэрлэн дохио, анхааруулгыг ажиглаж учрыг их асууна. Энэ үед зөв тайлбарлаж өгөх нь чухал.

💢 Цаасан малгайд их дуртай болно (Магтуулах). Тиймээс хий хоосон "Мундаг", "Сайн байна" гэхээс илүүтэйгээр бодит үйлдлийг нь урамшуулаарай. Тухайлбал, "Өнөөдрийн зурсан зураг чинь илүү олон өнгө ашиглаад ээжийгээ малгайтай болгож зурсан нь үнэхээр таалагдаж байна" г.м. Энэ нь өөрийгөө илүү хөгжүүлэхэд нь асар их дэмтэй.

💢 Хөвгүүд амьтны, сансар огторгуйн, үлэг гүрвэлийн тухай г.м өөрөөр хэлбэл танин мэдэхүйн номд илүү дурлана. Жолооч, засварчин болж тоглох дуртай.

💢 Дийлэнх охид гүнжтэй номдоо хайртай хэвээр байхаас гадна эмч, тогооч, ээж, худалдагчид хувирах дуртай үе.Тэд тоглоомтойгоо ярьж, өөрөө асууж өөрөө хариулж, гуйж, тусалж тоглоно.

💢 Өөрийн хувцсаа өмсөж, тайлж, эвхэж, тоглоомуудаа төрөл төрлөөр цэгцэлж эмх замбараатай байх дадлыг өгөхөд тохиромжтой нас. Гэхдээ нэг дор их зүйл эмхэлж цэгцлэх даалгавар өгч болохгүй. Бага багаар нь дадал болгоорой.

💢 Ялгаатай болон төсөөт дүрсийг олох сэтгэхүйн дасгал, гар зүгшрүүлэх үндсэн зурлагуудыг сайн хийнэ. Мөн л энэ үед хэтрүүлэхгүй хэмжээнд нь тохируулж хийлгэх хэрэгтэй.

💢 Тоо тоолохоос гадна тоо бодох сонирхолтой болно. Энэ үед хэт шахаж болохгүй, тааваар нь сонирхолтой хэлбэрээр ажиллаарай. Тоог хийсвэр 1 нэмэх 5 гэж бодохоос илүүтэй 1 охин 5 хүү нийлээд хэдэн зочин манайд ирэх нь вэ? Алхахдаа 1 алхам, 2 алхам г.м тоогоо ямар ч тохиолдолд нэгжтэй нь, эзэн биетэй ярьвал хүүхэд төсөөлөн сэтгэхэд хялбар байдаг.

💢 Том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба эргээд өгөх дуртай. Хайрлах мэдрэмж хөгжсөн. Тантай ярилцахдаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцана. Та энэ үед нь дэмжээд сайн сонсогч нь байж чадвал насан туршдаа танд сэтгэл хөдлөлөө хуваалцдаг байж чадна.

💢 Гэрийн дотор дүрэм гаргаж үүрэг хариуцлагыг хуваарилаж хэмжээ хязгаарыг тогтоож өгвөл хамгийн сайн баримтлана. Дүрэм зөрчиж ямар нэгэн эрхээ хасуулахаас маш их эмээнэ. Тухайлбал, зурагт 30' үзэх ёстой. Чихэрлэг зүйл зөвхөн Бямба гарагт зөвшөөрнө г.м. Дүрмээ зөрчвөл зурагт үзэх эрхийг 1, 2 хоногоор, амттан идэх эрхийг 1 удаагаар хасах г.м. Энэ дүрмээ эцэг эх өөрөө хатуу баримтлах нь чухал. Хүүхэд уйлж, уурлаж янз бүр болж таныг шалгана. Шалгалтанд бууж өгч унах л юм бол дараа ямар ч дүрэм зохиогоод нэмэргүй шүү.

💢 Охид хөвгүүдийнхээ дэргэд, хөвгүүд охидынхоо дэргэд хувцсаа солих, 00-д орох, халтар харагдахаас ичдэг болж эхэлнэ. Энэ нь маш зөв. Эсрэг хүйстнээ сонирхож шохоорхож эхэлнэ.

💢 Мөнгөний үнэ цэн, ажил хийж цалин авдаг, энэ нь хэмжээ хязгаартайг тайлбарлахад сайн ойлгоно. Харин хүүхдийн дэргэд аль болох картаар биш бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаарай. Эсвэл картандаа бэлэн мөнгөө тоолж хийж буйгаа хэд хэдэн удаа харуулж асуухад нь учрыг тайлбарлаж өгөөрэй.

Хүүхэд бүхний хөгжлийн хурд нь өссөн орчин, нөхцлөөс хамаараад харилцан адилгүй байдаг тул энэхүү онцлог 6 -12 сараар түрүүлж эсвэл хоцорч ажиглагдаж болохыг анхаарна уу.

X
Нэвтрэх