Хүүхдээ аз жаргал дүүрэн өсгөхөд аав ээжийн тэвчих 9 үйлдлийг "Хөөрхөн шар шувуу" сургалт, судалгааны төвийн захирал, боловсрол судлаач, эцэг эхийн дасгалжуулагч Г.Төмөрзаяа багш зөвлөж байна. Энэхүү зөвлөгөө ЯАРАН гүйлгэж уншилгүй тогтоон тунгааж уншаарай.
1. Хүүхэд санаатай, санаандгүй алдаа хийсэн ямар ч үед ЯАРАН гар далайж хашхиралгүйгээр шалтгааныг нь сонсон яагаад буруу болохыг нь тайлбарлаж, харилцан ойлголцож сурах.
2. Хүүхдэдээ амлалт өгчхөөд биелүүлж чадаагүй үедээ ЯАРАН шалтаг хэлж, өөрийгөө өмгөөлөлгүй үнэн шалтгаанаа ойлгуулж уучлалт гуйх.
3. Үгүй гэж татгалзсан зүйлийг тань хэчнээн чарлаж нэхсэн ч ЯАРАН бууж өгөлгүй тууштай "үгүй" байх.
4. Хэчнээн уурлан бухимдаж, хоорондоо маргалдмаар байсан ч хүүхдийнхээ дэргэд ЯАРАН муудалцалгүй нэг хормын завсарлага авах.
5. Хүүхэд ямар нэг зүйлийг өөрөө хийж, учрыг нь олох гэж хэчнээн удаан мунгинасан ч ЯАРАН урдуур нь оролгүйгээр хүлээцтэй хандах.
6. Гадны уур бухимдлаа гэртээ авч орохгүйн тулд ЯАРАН хаалгаа таталгүйгээр гүнзгий амьсгаа авч, таныг хүлээх үрсээ төсөөлөөд инээмсэглэн ороорой.
7. Танд хандан ярьж байх үед яриаг нь ЯАРАН таслалгүйгээр дуустал нь дэмжин сонсож өгөөрэй.
8. Хөршийн "мундаг" хүүтэй жишиж, адилхан болгох гэж ЯАРАН шийдэлгүй, хүлээцтэйгээр өөрийгөө олоход нь туслаарай.
9. Хэдий хэцүү ч хүүхдийнхээ дэргэд, гэр бүлтэйгээ байхдаа утсаа бага оролдоорой.