fbpx

Ээж, аавуудад

Голланд ээжүүд онцын сонин содон арга ашигладаггүй ч хүүхэд өсгөх тал дээр бусад улсын ээж нараас илүү амжилттай байдаг. Хүүхдүүдийг нь бусад улсын хүүхдүүдтэй харьцуулбал хамаагүй аз жаргалтай байдаг гэнэ. Та Голланд ээжүүдийн хүүхдээ аз жаргалтай өсгөдөг нууцыг мэдмээр байвал дараах мэдээллийг уншаарай.

1. ХҮҮХДЭЭ УНТАЖ АМРАХ ТАЛ ДЭЭР ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛДАГ.
Энэ нь бүр уламжлал ч гэж хэлж болно. Тэд хүүхдээ биеийн хүчний ажил бага хийлгэдэг тул хүүхдүүд нь илүү тайван байж, тогтсон унтлагын хуваарьтай болдог байна.
Судлаачид 6 сартай Голланд хүүхэд 6 сартай Америк хүүхдээс өдөрт 2 цагаар илүү унтдагийг олж тогтоожээ. Нялх үрс нь их унтаж байгаа тул ээж нар нь ч гэсэн их унтаж, илүү их амралт авна биз дээ?

2. ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД НЬ ШОКОЛАД ӨГДӨГ. 
Өглөөний цайнд нь шоколад өгнө гэхээр танд сайхан санаа биш юм шиг санагдаж байна уу? Голланд ээжүүдийн хувьд тийм биш ээ. Тэд хүүхдийнхээ өглөөний цайнд бага зэрэг шоколадны үйрмэг цацаж өгөх нь хүүхдийг өөрийгөө хянах чадвартай болгодог гэж үздэг байна.

Хамгийн гол нь ямар ч зүйл хэмжээ хязгаартай байх сайхан гэдгийг санаарай. Их ч биш, бага ч биш. Яг л тохирсон хэмжээгээр өгөх хэрэгтэй.

3. МӨНГӨ ЧУХАЛ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛДАГ.
Голландчууд хямд зардлаар энгийн амьдрах тал дээр анхаардаг улс. Хүүхдээ багаас нь ямар нэгэн зүйл хүсвэл түүнийхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг мэдрүүлсэн байдаг тул хүүхдүүд нь ах эгчийнхээ ч юм уу өөр хүүхдийн тоглож байсан тоглоомоор тоглодог. Улмаар Голланд хүүхдүүд амьдралыг илүү эрт ойлгож, санхүүгийн тал дээр өөртөө итгэлтэй болдог.

Мөн Голланд хүүхдүүд төрсөн өдрөөрөө ээж ааваасаа үнэтэй бэлэг хүлээдэггүй. Тэдний төрсөн өдөрт зориулж бэлэг авахдаа төсвөө 10 еврогоос /Ойролцоогоор 30'000₮/ хэтрүүлэхгүй гэсэн бичигдээгүй хууль байдаг. Хүүхдүүд мөнгө төгрөг, бэлэг сэлтэд санаа зовохын оронд гадаа гараад найзуудтайгаа тоглож, хөгжилтэй байхыг эрмэлздэг гэнэ.

4. ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙНХЭЭ БУСАД ГИШҮҮДТЭЙ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨДӨГ.
Голландад хүүхэд аавтайгаа харьцангуй олон цагийг хамт өнгөрөөдөг. Жишээлбэл аавууд 7 хоногийн ажлаа шахаад 4 өдөр л ажилладаг. Мөн 7 хоногт дор хаяж 1 өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөдөг бөгөөд энэ өдрийг "Аавуудын өдөр" гэж нэрлэдэг. Ихэнх улсад жилд 1 удаа "Аавуудын баяр" гэж тэмдэглэдэг бол Голландад 7 хоног бүр "Аавуудын баяр" болдог байх нь шүү дээ.

Мөн 7 хоног бүр "Эмээ нарын өдөр" гэж болдог. Голланд хөгшчүүлийн 50-60% нь ямар нэгэн хүүхэд харах ажилд оролцдог учир цэцэрлэгт хүрээлэнд эмээ нар тэрэг түрээд явж байвал хэн ч гайхахгүй гэнэ.

5. ТЭДЭНД ДОТРОО ЮУ БОДОЖ ЯВДГАА ИЛЭРХИЙЛЭХЭД НЬ ТУСАЛДАГ.
Голланд айлд ямар нэгэн зүйл тохиолдвол гэрийн эзнээс эхлээд хамгийн нялх балчир нь үрс нь ч тухайн асуудалд хүртэл хошуу нэмэрлэдэг. 3 настнуудтай харилцах хэцүү хэдий ч ингэж ярилцах нь өөрсдийн хил хязгаараа тогтоож, юу хүсэж байгаагаа тодорхой илэрхийлэхэд нь тусалдаг гэж үздэг байна.

Мөн тэд хүүхэдтэйгээ харилцан зөвшилцөж дүрэм гаргадаг. Хүүхэд тань хэт их дэлгэц ширтээд байвал тэдэнтэй өдөрт хэдэн цаг зурагт үзэх, хэдэн цаг утсаар тоглох вэ гэдгийг ярилцан шийдвэрлэх боломжтой.

6. ӨӨРСДИЙН ГЭР БҮЛИЙН УЛАМЖЛАЛАА БИЙ БОЛГОДОГ.
Голланд эцэх эхчүүдийн хувьд тогтсон дүрэм хэвшүүлэх нь хамгийн чухал.Ингэснээр аливаа зүйлийг урьдчилан таамаглаж, урьдчилан таамагласнаар бүгдийг гартаа авна гэсэн үг. Та өөрийн тогтоосон дүрмээ хатуу чанд баримталбал хүүхэд тань хэзээ нь найзуудтайгаа тоглож, хэзээ нь хооллож ундлах вэ гэдгийг сайтар ухаарна.

Улмаар гэр бүлийн гишүүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хийх ёстой зүйлээ цаг цагт нь хийдэг. Бас эрүүл хооллолтын хэв маягийг хэвшүүлэх сайхан боломж байгаа биз?
Мөн Голландчууд гэр бүлээрээ хооллохыг их чухалчилдаг.

Гэхдээ юу юугүй л хүүхдээ ногоогоор шахаад, хоолонд агуулагдах калорын хэмжээг нь бууруул гээгүй. Тэд зүгээр л гэр бүлээрээ цугларч, халуун дотно яриа өрнүүлж, нэг нэгэнтэйгээ илүү дотносдог.

7. ХҮҮХДЭЭ ХҮЧИЛДЭГГҮЙ.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ танин мэдэхүй, бүтээлч сэтгэхүйг аль болох эрт хөгжүүлэх тал дээр онцгой ач холбогдол өгдөг. Харин Голланд эцэг эхчүүд танд жаахан залхуу санагдаж магадгүй. Тэд зүгээр л хүүхдээ хүүхдээр нь байлгадаг.

Голландчуудын үзэж байгаагаар нярай хүүхдийн хувьд дэлхий гэдэг нь өөрөө хангалттай сонирхолтой зүйл. Тэд ямар ч бэлтгэл сургуулилт хийлгүйгээр мөлхөх, алхах, хэлд орох үедээ өөрөө хэлд орчихно гэж үздэг. Харин хүүхдээ хайрлах, харилцах тал дээр харин ч нэг анхаардаг гэнэ шүү.

Боловсролын тал дээр ч хүчилдэггүй. Хүүхдүүд нь цэцэрлэгтээ ихэвчлэн тоглож цэнгэдэг тул дөнгөж хөлд орж буй хүүхдэдээ цагаан толгой заах гэж яардаггүй. Бага ангид ч хичээлийн дараа ямар нэгэн нэмэлт давтлага, секц явуулдаггүй. Гэрийн даалгавар ч мөн харьцангуй бага байдаг байна.

Голланд эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаардаггүй учир хүүхдүүд нь муу сурдаг байх даа гэж бодож байна уу? Тэгвэл үгүй шүү. Голланд улс боловсролоороо дэлхийд 3-т жагсдаг. Тэд хүүхдүүддээ суралцах аятай тухтай орчинг бүрдүүлдэг учир хүүхдүүд нь өөрийн хүслээрээ сургуульдаа явдаг байна.

8. ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨР НЬ ДЭЛХИЙ ЕРТӨНЦТЭЙ ТАНИЛЦУУЛДАГ.
Голландчуудын онцлог нь эцэг эхийн оролцоо болон хүүхдийн бие даах чадварын тэнцвэрийг олсонд байдаг. Тэд хүүхдээ гадаа тоглож байхад нь ямар аюул тулгарах бол хэмээн айж, хаа явсан газарт нь дагаж явдаггүй. Оронд нь хөндлөнгөөс оролцолгүйгээр аль болох өөрөө тоглох хэрэгтэй гэж үздэг.

Голланд хүүхдүүд 1-р ангид орсноосоо хойш хэзээ, хэнтэй тоглохоо өөрөө шийддэг. Эцэг эх нь хүүхдээ хэнийд байлгах, хэдэн цагт авах гэх мэт тал дээр л хоорондоо зөвшилцөнө. Хүүхэд өөрөө өөрийгөө зугаацуулж, ах дүү нартайгаа гадаа тоглодог.

Мэдээж бүх л ээж аавуудын адилаар Голланд ээж аавууд ч хүүхдэдээ санаа зовох нь тодорхой. Гэвч тэд бүх зүйлийг хяналтад авах гэж оролдохын оронд хүүхдийнхээ ирээдүйд хэрэг болох бүх ур чадварыг суулгадаг. Жишээлбэл Голланд хүүхэд 2 настайгаасаа эхлэн замын хөдөлгөөний дүрмийг суралцдаг. 5 настайдаа усанд сэлэлтийн дипломтой болдог байна.

Тэдний хүүхэд өсгөх энэхүү минималист арга нь хүүхдэд биеэ дааж, хариуцлага хүлээх чадварыг бага насанд нь сургахад дөхөм болдог байна.

9. ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХАА МАРТДАГГҮЙ. 
Эцэг эхчүүд жаргалтай бол хүүхэд ч жаргалтай байдаг шүү дээ. Голланд эмэгтэйчүүд ажил амьдралын тэнцвэрээ тогтвортой хадгалдаг. Тэд ихэвчлэн цагийн ажил хийдэг тул хүүхдэдээ зарцуулах цаг зав гаргаад ч зогсохгүй өөртөө бас цаг гаргадаг. Ингэснээр тэд өөртөө илүү итгэлтэй болдог гэнэ.

10. БОРООНД ДУГУЙ УНАХЫГ НЬ ЗӨВШӨӨРДӨГ.
Голландчууд "машинсаг" хүмүүс биш тул хүүхдүүд нь ихэвчлэн дугуйгаар сургуульдаа явдаг. Гэвч цаг агаар гэсэн том асуудал бий. Голландад хүчтэй салхилж, бороо их ордог. Мөн өвлийн дундаж температур нь 1-4 градус байдаг. Гэсэн ч энэ бүх саад бэрхшээл Голланд хүүхдүүдийг дугуй унахыг нь зогсоож чадахгүй ээ.

Тэд энэхүү эрс тэс уур амьсгалд хүүхдээ дулаан хувцас, борооны цув, усны гутал зэргээр хангалттай хувцасладаг. Бороонд дугуй унах нь хүүхдэд амьдрал үргэлж нартай, солонготой байдаггүй, мөн ирээдүйд тулгарах ямар ч нөхцөл байдалд бууж өгөхгүй байхыг сургадаг.

11. ТЭДЭНТЭЙ ДОТНО ЯРИА ӨРНҮҮЛДЭГ.
Голланд эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ ярихгүй сэдэв гэж байхгүй. Хүүхдээ 4 настайгаас нь эхлээд хүмүүс бие биенээсээ юугаараа ялгаатай талаар зааж өгдөг. Хүүхэд өсөх тусам энэхүү сэдвийн цар хүрээ тэлж, илүү нарийвчлалтай болж эхэлдэг. Тиймээс хүүхэд өсвөр насандаа өөрийн бие махбод, хүсэл тэмүүллийн талаар аль хэдийн зохих хэмжээний мэдлэгтэй болсон байдаг.

Гэхдээ Голланд хүүхдүүд юу хүссэнээ хийдэг гэж ойлгож болохгүй юм. Дотно харилцааны тал дээр тэд биднээс арай өөр аргыг ашигладаг. Тэд болзошгүй аюул эрсдэлийг анхааруулахын оронд бусдыг хайрлах ямар чухал, хайрласнаар ямар үүрэг хариуцлага гарч ирдэг, мөн хамтрагчтайгаа хэрхэн эрүүл харилцаанд харилцах зэргийг зааж өгдөг.

Мөн Голланд эцэг эхчүүд өсвөр насны хүүхдээ аюулгүй орчинд байгаасай гэж хүссэндээ хайртай хүнтэйгээ романтик шөнийг өнгөрүүлэхийг нь зөвшөөрдөг. Ингэснээр хүүхэд эцэг эхдээ чин сэтгэлээсээ итгэж, ямар нэгэн асуудал тулгарахад эцэг эхтэйгээ л зөвшилцөж, зөвлөгөө авах гэж очдог.
Засгийн газар нь ч мөн энэхүү бодлогыг дэмжиж 22-оос доош насныханд жирэмсний эсрэг эмчилгээ, эцэг эхийн зөвшөөрөл авах шаардлагагүйгээр үр хөндүүлэхийг зөвшөөрдөг байна.

Энэхүү бодлогыг баримталснаар Голланд улс Европт өсвөр насны жирэмслэлтийн хувиараа сүүлд ордог.

12. ТЭДНИЙГ АМЖИЛТТАЙ БАЙЛГАХААС ИЛҮҮТЭЙГЭЭР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАДАГ.
Ихэнх улсын ээжүүд хүүхдээ хичээлдээ онц дүн авахад дуртай байдаг бол Голланд ээжүүд хүүхдийнхээ сайн сайхан байдалд л их анхаарал хандуулдаг.
Хүүхэд амжилтад хүрэхийн тулд аз жаргалтай, өөрийгөө сайн мэддэг, урам зоригтой, бие даасан, гэр бүл болон найз нөхөдтэйгөө эерэг дулаан харилцаатай байх ёстой гэж үздэг.

Ингэснээр хүүхэд аз жаргалтай байж, одоо болон ирээдүйд амжилтад хүрэх магадлалтай юм. Мөн тэд хүүхдээ өөрсдийн давуу болон сул талтай хувь хүн талаас нь хардаг тул өөрийн үзэл бодол, мөрөөдлийг хэзээ ч үр хүүхдэдээ тулгадаггүй.

13. САЙН ҮЛГЭР ЖИШЭЭ ҮЗҮҮЛДЭГ.
Өөрийн зааж сургадаг сургаалаа үргэлж биеэр харуулах нь Голланд эцэг эхчүүдийн хүүхэд өсгөх хамгийн гол дүрэм. Ээжүүд бүтээлч, уян хатан, аз жаргалтай хүүхэд өсгөмөөр байгаа бол өөрсдөө үүний бодит жишээ болох хэрэгтэй гэж үздэг байна.

Эх сурвалж: www.brightside.com

X
Нэвтрэх