Аав ээжүүдээ гэр бүлдээ чанартай цаг гаргаж хүүхдээ зурагт үзэх зохистой хэм хэмжээ, зөв дадалд үлгэрлэцгээе.
1. "Inside out"
Хүүхдэд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж мэдэж, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж болохыг харуулсан үнэхээр хөөрхөн кино. Ялангуяа аав ээжүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа үзээд ийнхүү ярилцаарай. Бидний дотор байгаа аливаа сэтгэл хөдлөл нь угтаа сайн эсвэл муу биш бөгөөд бид түүнийг зөв удирдан зохицуулж сурах хэрэгтэйг жишээнүүд дээр тайлбарлаарай.
2. "Finding Nemo"
Хүүхдүүдэд маань бидний тусламж, дэмжлэг хэрэгтэй ч хүрээлэн буй орчноо таньж мэдэж, хөгжиж, өөрийгөө сориход нь хязгаар тавих бус харин хүүхдэдээ итгэл үзүүлж, алдаж, онож, хөгжихөд нь дэмжих хэрэгтэй гэдгийг энэ хүүхэлдэйнээс олж харна. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг шүү дээ, хүүхдэд алдаа гаргах, өөрийгөө сорьж үзэх боломжийг олгож байгаарай.
"Finding Dory" Эндээс бид (хүүхэд төдийгүй эцэг эх) бусдыг байгаагаар нь хүлээж авах ямар чухал вэ гэдгийг ухаарч, онцгой, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ч байгаагаар нь хүлээн авч, хайрлах хэрэгтэй гэдэгт суралцана.
3. "The Good Dinosaur"
Бяцхан хүүхдүүдийн зүрхэнд бодит хийгээд хийсвэр маш олон айдас байдаг. Тэрхүү айдсаа хэрхэн даван туулах нь тэдний ирээдүйн сэтгэл зүйн хөгжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэдтэйгээ хамтдаа үзээд айдсаа жижигрүүлж түүнийгээ ялан дийлж, даван туулах арга замуудаас ярилцаарай.
4. "Brave"
Хэн ч хэн нэгний хүлээлтийг гүйцэлдүүлэхийн тулд амьдралаа үрэх шаардлагагүй. Ялангуяа охид гүнжүүд бусдаас хамааралтай, хөөрхийлөлтэй, сул дорой байдлаар дийлэнх хүүхэлдэйнд дүрслэгддэг. Тэрхүү хэв маягийг эвдэж зоригтой, эрч хүчтэй, бие даасан гүнжийн цоо шинэ дүр Меридагаар дамжуулж охидтойгоо эр зоригтой, өөрийн бодолдоо тууштай байхын ач тусыг ярилцаарай. Тэд маань өөрсдийн мөрөөдлөө өөрсдөө зурж, өөрсдөө биелүүлэх бүрэн боломжтой шүү.
5. "Wreck it Ralph"
Хүмүүсийн муу хэмээн тодорхойлсон бүхэн муу эсвэл сайн биш бөгөөд бусдад харагдах хэлбэрээс илүү бидний агуулга буюу мөн чанар илүү чухал гэдгийг харуулах хүүхэлдэй. Муу хүн, сайн хүн гэж байдаггүй. Муу үйлдэл, зөв үйлдэл л гэж байдаг. Бусдыг өнгөц байдлаар дүгнэхээс илүүтэй дотоод ертөнцийг нь таних гээд үзээрэй. Гэр бүлээрээ үзээд нийгмийн амьдралыг танин ярилцахад тохиромжтой хүүхэлдэй шүү.