fbpx

Нярай

Хүүхэд төрөлхийн хөхөх рефлекстэй байдаг бөгөөд энэхүү рефлексийн тусламжтайгаар хооллож ундлахаас гадна тайвширч чаддаг байна. Тэгвэл хүүхэд төрөлх зөнгөөрөө тайвширч, амгалан байхад соосго танд тусалж чадах юм. Ингээд хүүхдэдээ соосго худалдан авахаас өмнө юуг анхаарах шаардлагатайг дурдъя.

Хүүхэд хөхөөрөө хооллосон ч, угжны сүүгээр хооллосон ч хуруу болон өөр ямар нэгэн зүйлийг олон удаагийн давтамжтайгаар хөхөх шинж тэмдэг илэрвэл соосго хэрэглэх цаг нь болсон байна гэсэн үг. Харин соосго худалдан авахаасаа өмнө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Хөхөө хөхөж сурсаны дараа - Хүүхэд төрснөөс хойш 3-4 долоо хоногийн дараа буюу 1 сар хүрсний дараа хөхөө зөв хөхөж сурдаг гэж үздэг.
  • Унтлагын цагаар соосго хөхүүлэх
  • Цатгалан үед хөхүүлэх - Хүүхдээ хооллосны дараа л соосго хөхүүлж хэвшээрэй. Хүүхдийнхээ өглөө, өдөр, оройн аль ч хоолны оронд соосго хөхүүлж болохгүй.
  • Хүүхэд соосго хөхөхийг хүсэхгүй байгаа бол хүчлэх хэрэггүй.

Харин худалдан авах үедээ дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Соосго хэлбэр, хэмжээний маш өргөн сонголттой. Тиймээс хүүхэд тань эхний удаад соосго хөхөхөөс татгалзвал өөр хэлбэртэйг туршаад үзэх хэрэгтэй.
  • Соосгоны толгой зөөлөн, салдаггүй байх хэрэгтэй. Соосго салдаг болон салдаггүй гэсэн хоёр төрөл байдаг. Тиймээс хоёр хэсэг болон салдаггүйг сонгох нь эрсдэл багатай.
  • Хамгаалалтын хэсэг буюу соосгыг хүүхдийн ам руу бүхлээр нь оруулахгүйгээр хамгаалж байдаг хэсгийн урт 25-30 см байх ёстой. Мөн тус хэсэг нь хатуу хуванцар материалтай, агаар нэвтрүүлэгч нүхтэй байхыг анхаарна уу.
  • Аяга таваг угаагч шингэнээр угаах боломжтой байх. Соосгоны шошгонд хэрхэн угааж цэвэрлэх заавар бичээстэй байдаг. Заавар дээр юу гэж бичсэн байна, яг тэр аргаар л цэвэрлэх хэрэгтэй.

ХЭРЭГЛЭХ ЯВЦАД АНХААРАХ:

  • Болзошгүй эрсдэлээс сэргийлэн соосгыг хүүхдийн ор, хүзүү, гарнаас уяж орхих хэрэггүй. Эс бөгөөс хүүхэд ямар нэгэн байдлаар боогдох, ороогдох эрсдэлтэй.
  • Нөөц соосго бэлдээрэй. Энэхүү бүтээгдэхүүн хэмжээний хувьд жижиг тул яг хэрэг болсон үед алга болох, газар унах зэрэг асуудлууд гардаг.
  • Угжны савны толгойг соосго болгон ашиглаж болохгүй. Хүүхэд тань хүчтэй сороход угжны толгой нь эх биеэсээ мултарч, хүүхдийн хоолойд тээглэх, хахах эрсдэлтэй.
  • Соосго ашиглалтын хугацаатай байдаг. Тиймээс урагдаж эмтэрсэн, хугацаа нь дууссан соосго хэрэглэж болохгүй шүү. Мөн соосгоны толгой хэсгийн өнгө шарлавал хаях хэрэгтэй.

Эх сурвалж: Healthy Children

X
Нэвтрэх