fbpx

Ээж, аавуудад

Парацетамол нь хүүхдэд өгөхөд хориотой эмийн жагсаалтад багтдаг. Тухайлбал хүүхдийг 3 сар хүртэл парацетамол эмийг өгөх хориотой байдаг аж. Тэгвэл Бристолийн их сургуулийн судалгааны багийнхны хийсэн нэгэн судалгааны үр дүнд бага насны хүүхэд хэт хөдөлгөөнтэй байх, анхаарал төвлөрөлт муутай байх, зан төлөвийн доголдолтой байх зэрэг нь парацетамол эмийн хэрэглээтэй холбоотой байгааг олж тогтоожээ.

Өвдөлт намдаах, халуун бууруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй энэхүү эмийг зөвхөн Монголчууд ч гэлтгүй дэлхий даяар түгээмэл хэрэглэдэг. Тиймдээ ч Бристолийн их сургуулийн судалгааны багийнхан энэхүү эмийг жирэмсний дунд үеэс хойш хэрэглэхэд хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг эсэхийг судлахаар шийджээ. Ингээд тэд судалгаандаа 0-17 насны 14'000 гаруй хүүхдийг оролцуулж, ой тогтоолт, IQ тест авч, цэцэрлэг сургуулийн хувийн хэрэг, эхийнх нь жирэмсний үеийн эрүүл мэндийн дэвтэр гээд энэхүү судалгаанд шаардагдаж болох бүхий л материал дээр дүн шинжилгээ хийжээ. Ээжүүдээс жирэмсний 4-7 сартай үедээ парацетамол гэх эмийг хэрэглэж байсан эсэхийг тодруулахад 43 хувь нь хааяа болон түүнээс ч олон удаагийн давтамжтайгаар хэрэглэж байсан гэсэн хариуг өгсөн байна.

Судалгааны багийнхан эдгээр баримт бичгүүдийг судлах явцад парацетамол эмийн хэрэглээ хүүхдийн бага насан дахь хэт хөдөлгөөнтэй байх, анхаарал төвлөрөлт муутай байх, зан төлөвийн доголдолтой байх зэрэг асуудлуудтай холбогдож байгааг олж тогтоосон байна. Хамгийн хачирхалтай нь эдгээр гаж ч гэмээр нөлөөнүүд хүүхдийг дунд сургуульд орох үеэр илт мэдэгдэхүйц байдлаар багасаж байжээ.

Судалгааны багийн ахлагч, профессор Jean Golding хэлэхдээ:

"Бидний хийсэн энэхүү судалгаа ээжүүд бие давхар үедээ парацетамол эмийг хэрэглэх нь цаашид ямар сөрөг, гаж нөлөөг үзүүлж болохыг маш тодорхой харууллаа. Энэ нь цаашлаад бүсгүйчүүдэд жирэмсэн үедээ аливаа эм тариаг эмчийн заавар зөвлөгөөгүйгээр хэрэглэхгүй байх маш том сургамжийг өгсөн гэж бодож байна"

Энэхүү судалгааны үеэр ажиглагдсан бас нэгэн хачирхалтай зүйл нь эрэгтэй хүүхэд аливаа эм тариа, мансууруулах үйлчилгээтэй бодист эмэгтэй хүүхдээс илүү өртөмтгий байдаг ажээ.

Эх сурвалж: Intelligent Living

X
Нэвтрэх