fbpx

1-3 нас хүртэл

Балчир буюу 1-3 настай хүүхэдтэй эцэг эхчүүд өдөр бүр хүүхдээ хувцаслах хүндхэн даваатай нүүр тулгардаг. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ хүүхэд яагаад өөрийн хүссэн хувцсаа өмсөх гэж зөрүүдэлдэг болон уг асуудлыг хэрхэн эвээр шийдвэрлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

АНУ-ын нэрт психоаналист Эрик Эриксон хүний сэтгэлзүйн хөгжлийн онолдоо 1-3 насны хүүхдүүд "Бие даасан байдлын эсрэг ичгэвтэр байдал" хэмээх үеийг даван туулдаг талаар дурдсан байдаг. Хүүхэд балчир насанд хүрэхэд тархи нь "Би бол тусдаа, бие даасан хүн" гэдэг ойлголтыг ойлгох хэмжээнд хүрдэг учир хүүхэд өөртөө итгэлтэй болох, өөрийгөө хувь хүн гэдгийг ухаарах чадвартай болно. Улмаар өөрийн асран хамгаалагчдаас хангалттай хэмжээнд хараат бус байж чадахгүй бол ичиж, өөрийгөө хувь хүн гэдэгтээ эргэлзэж эхэлдэг гэнэ.

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс хийсэн нэгэн судалгаагаар хүүхэд "би" гэсэн ойлголтыг ухаарах явцдаа хэд хэдэн зан төлөвийн үечлэлийг туулдаг байна. Үүнд:

- Бие махбодын хувьд өөрийгөө таних: Өөрийгөө бие махбодтой бөгөөд бие махбод нь бусдынх биш, зөвхөн өөрийнх нь гэдгийг ойлгоно.
- Өөрийгөө тодорхойлох: Өөрийгөө ажиглаж, дүгнэх чадвартай болно.
- Сэтгэл хөдлөл бүхий хариу үйлдэл үзүүлэх: Өөрийн хийж буй үйлдэл болон орчин тойрондоо хариу үйлдэл үзүүлнэ.

Хүүхэд ийм нарийн үе шатуудыг туулдаг учир ямар хувцас өмсөх, ямар тоглоомоор тоглох зэргээ өөрөө сонгох гэж зөрүүдлэх нь мэдээжийн хэрэг. Гэхдээ үнэхээр л хүүхэд тань бороотой өдөр сандаал, хүйтэн өдөр нимгэн футболка өмсөх гээд байвал дараах аргуудыг хэрэглээрэй. Үүнд:

- СОНГОЛТ ӨГӨХ:

Жишээлбэл гадаа бороо орж байхад хүүхэд тань сандаал өмсөх гэж зөрүүдэллээ гэж бодъё. Энэ тохиолдолд та хүүхдэдээ сандаалыг нь өмсүүлэхгүйгээр шууд л усны гутал өмсүүлэх гэж хүчилбэл буруудна. Харин үүний оронд "Гадаа бороо орж байгаа учраас битүү гутал өмсөж, хөлөө норгохгүй байх хэрэгтэй. Хөлөө норгочихвол ханиад хүрч, өвдөнө. Харин хөлөө норгохгүй байна гэвэл тэр кэтийг эсвэл энэ усны гутлыг өмсөж болно. Миний хүү алийг нь өмсмөөр байна?" гэх зэргээр маш эелдэг бөгөөд сонголттойгоор харилцах хэрэгтэй.

- ЭХЛЭЭД ХУВЦАСЛА:

Яг л томчууд бидний адилаар хүүхдүүд ч бас хөнгөлөлт, урамшуулалд дуртай байдаг. Тиймээс өглөө сэрээд эв түнжинтэйгээр хувцаславал дуртай хүүхэлдэйг нь үзүүлнэ, дуртай өглөөний цайг нь бэлдэж өгнө гэх мэтээр аргадаарай. Мөн хоол идэх болон хүүхэлдэйн кино үзэхээс нь өмнө хувцаслах нь хамгийн тохиромжтой арга. Учир нь хүүхэд тань хувцсаа өмсөхөөсөө өмнө зурагтаар хүүхэлдэйн кино гарч байгааг харчих л юм бол тэднийг хувцаслах ажил үл ялиг хүндрэх болно.

- ХУВЦАСАА ХАМТДАА СОНГО:

Хүүхэд энэ насандаа эцэг эхээсээ хараат бус баймаар санагддаг гэж дээр дурдсан шүү дээ. Тиймээс та хүүхдэдээ хувцсаа өөрөө сонгох боломжийг нь тодорхой хэмжээнд олгох хэрэгтэй.

Эх сурвалж: NY Times

X
Нэвтрэх