fbpx

Хүмүүжил

image

Хүүхэд асуудал тулгарсан үедээ "тантай ярилцах хэрэгтэй байна" хэмээн хэлж чаддаг, гэр бүл дотроо нээлттэй байдаг, зөвшилцдөг байх нь нэн чухал.

Тийм байхын тулд та дараах 4 алхмыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээгээрэй.

• Мэдрэх
• Хэмжээ хязгаар тавих
• Сонголт хийлгэх
• Шийдвэр гаргах

Илүү ойлгомжтой болгохын тулд жишээн дээр тайлбарлая.

8 настай хүү орой унтах цагтаа унтахаас дургүйцэж янз бүрийн шалтаг хэлнэ. Аав тэрхэн үед уур хүрнэ. Гэвч хүүдээ уурлаж, дуугаа өндөрсгөн захиран тушааж, унтуулах нь эцэг хүү хоёрын хооронд үл ойлголцол, нуух зүйлийг л нэмэгдүүлэхээс өөр үр дүнгүй. Тэгэхээр хүүгийнхээ ор луу дөхөж очин дараах байдлаар ярилцана:

Аав: Би чамайг оройтож унтлаа гэж зэмлэх гэсэн юм биш ээ, би ч бас чам шиг байхдаа эрт унтах дургүй байсан. Би эрт унтвал ямар нэг гоё зүйлээс хоцрох юм шиг, бусдыг унтсаны дараа тайван тоглох боломжтой болох юм шиг санагддаг байсан. /хүүхдээ МЭДРЭХ/

Хүү: (аавынхаа ижилхэн бодолтой байгаад гайхан) Яг тийм!, Мхн, Гайхан харна

Аав тайвнаар: Гэвч бид бүгд эрүүл мэндээ хамгаалж, дараагийн өдөр сэргэлэн цовоо байхын тулд цагтаа унтаж байх хэрэгтэй. Тийм болохоор чи ядартлаа тоглож, нүдээ өвдтөл утсаар тоглож болохгүй.  /ХЭМЖЭЭ, ХЯЗГААР тогтоох/

Хүү: Тэгсэн ч би унтмааргүй байна. Дэндүү эрт байна.

Аав тайвнаар: Ммм..., Тэгвэл нэг арга байна. 30 минут байж байгаад унтаж болно. Тийм болохоор энэ 30 минутад чи өөрийнхөө хэрэгтэй зүйлээ хий. Тэгэхдээ юу хийж болохоо ярилцъя /СОНГОЛТ өгөх/

Хүү: Үздэг киноныхоо цувралыг үзмээр байна, эсвэл утсаараа тоглоом тоглоё, эсвэл заавал ном унших юм уу?

Аав: Заа яах вэ?. Чи сонголтоо хий. Гэхдээ болзолтой. Маргааш чи ядрах юм уу, өглөө босох цагтаа босож чадахгүй, мөн тохиролцсон 30 минут өнгөрсөн ч унтахгүй байвал маргааш оройноос эхлэн гар утас, зурагтаас татгалзан өөр ямар нэгэн зүйл хийхгүйгээр унтах цагтаа л унтаж байна. Тохиролцох уу? /хамтын ШИЙДВЭР/

Хүү: Тохиролцлоо.

Дээрх 4 алхмыг дүгнэж үзвэл:
〽️ МЭДРЭХ
Хүүхдэдээ тулгарч буй асуудалд хандахдаа та өөрийгөө оронд нь тавьж үзэж хамтран нэг шийдэлд хүрч байвал хүүхдийнхээ хувьд эцэг эх гэдэг загнадаг, айх, нуугдах хүн биш гэдгийг мэдэрч найз нь мэтээр төсөөлөгдөн цаашид ч илэн далангүй байх нөхцөл бүрддэг. Энэ нь аливаа зүйлийг хялбархан ялж /муудалцахгүйгээр/ ялагч болох суурь тавьж буй явдал юм.

〽️ ХЭМЖЭЭ, ХЯЗГААР
Хүүхдэдээ аливаа зүйлийн хэм хэмжээг ойлгуулж, тэр хэм хэмжээтэй холбоотой үнэн зөв шалтгааныг тайлбарлангаа асуудлыг шийдвэрлэж болно (хэт найр тавьж өгөхгүй). Мөн “Би тэгж хий гэсэн бол тэгж л хий!” гэж захиран тушаахаас илүүтэй “байдал ..... учраас чи ........хийх хэрэгтэй” гэх мэтээр тайлбарлан ярилцвал хүүхэд илүү эерэг хүлээж авдаг.

〽️ СОНГОЛТ
Хүүхэд ихэнхдээ сонголт хийх боломжгүй үедээ бухимддаг, өөртөө итгэлгүй байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцахдаа “Би чамтай энэ талаар зөвлөлдөхийг хүсч байна”, “Чиний бодлоор ..........ямар вэ?” гэх мэт сонголт хийх боломжийг олгож байгаарай.

〽️ ШИЙДВЭР
Хэдийгээр хүүхдийн гаргаж байгаа үйлдэл танд таалагдахгүй байсан ч хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож тэдний хийхийг хүсэхгүй байгаа зүйлийн учир шалтгааныг олж харахыг хичээн шийдвэр гаргахдаа тэдний оронд өөрийгөө тавьж тооцож үзэх нь чухал шүү.

Хүүхэдтэйгээ ямар нөхцөлд хэрхэн хэрэглэж болохыг дор бүрдээ төсөөлөөд бэлтгээд үзээрэй.

X
Нэвтрэх