fbpx

Сэтгэлзүйч зөвлөж байна

image

Хүүхдийн хүмүүжлийн талаар эцэг эхчүүдэд өдөр бүр тулгардаг асуудлыг эцэг эхчүүд хэрхэн шийдвэрлэж, хүүхдээ “зөв сайн хүн болгох” зорилгодоо хүрэхэд нь туслах зөвлөгөөг хүргэж байна. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой эцэг эхчүүдээс ирсэн, түгээмэл гардаг асуултуудад Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгээс хариулт авснаа хүргэж байна.

Асуулт: Хүүхдээ яаж өөртөө итгэлтэй болгох вэ?

Хариулт: Өдөр тутам хэрэглэх хүмүүжлийн эерэг аргууд гарын авлагад энэ талаар маш ойлгомжтой, товч тайлбарласныг хүргэе.

  1. Хүүхдийн тавьсан асуултад хариулж байх, эсвэл хариулт олоход туслах. Эцэг эхчүүд тэр бүр анзаардаггүй ч хүүхдүүд өдөр тутамдаа танаас маш олон зүйл асууж, өөрийгөө илэрхийлж ярьж байдаг. Түүний яриаг сонсож, дэмжиж өгвөл тэр улам л их өөрийгөө илэрхийлэх дуртай болж тэр хэрээр өөртөө итгэх итгэл нь ч нэмэгдэнэ. Учир нь бид хүүхдээ анхааралтай сонсож, тэдний асуултад хариулж байх үедээ “чи чухал, үнэ цэнтэй хүүхэд шүү” гэдэг мэдрэмж өгч байдаг байна.
  2. Хүүхдэдээ тоглох цаг зав, боломж гаргаж өгөх. Тоглоомоор дамжуулж хүүхэд олон сэтгэл зүйн ур чадварт суралцдаг. Дүрэм дагах, ялагдах, ялах, багаар ажиллах, өрсөлдөх гэх мэт. Түүнчлэн үеийнхэнтэйгээ тоглосноор нийгмийн харилцааны ур чадварт суралцдаг. Хүний сэтгэл зүйн ур чадварууд нэмэгдэх тусам асуудлыг шийдэж чадна гэдэг итгэл улам нэмэгддэг. Асуудлаас зугтдаггүй харин түүнийг би шийдэж чадна гэдэг итгэл бол жинхэнэ өөртөө итгэх итгэл юм.
  3. Хүүхдийнхээ танд туслах гэсэн оролдлогыг дэмжих. Жижигхэн зүйлээр ч болов танд туслахад та түүнд баярласнаа илэрхийлж, урам өгсөн бол хүүхэд өөрөөрөө бахархаж, амжилтын мэдрэмж авч, цаашлаад өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Амжилтын мэдрэмж тогтмол авах нь чухал бөгөөд түүний хийж буй аливаа оролдлого, хичээл зүтгэлийг анзаарч, үнэлж байгаарай.

Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргуудын талаарх олон чухал мэдээллийг та Японы Хүүхдийг Ивээх Сангаас яг одоо санаачлан хэрэгжүүлж буй #ХайраарҮлгэрлэе аянаас авах боломжтой. Хүүхдийнхээ бахархан дуурайх хүн нь байж, хайраар үлгэрлэе.

X
Нэвтрэх