Таны хүүхэд энэ жилээс эхлэн сурагч гэсэн алдар хүртэн сургууль гэсэн эрдмийн их өргөөнд “залрах” гэж байгаа бол танд тустай хэдэн зөвлөмжийг өгье.
Учир нь хүүхэд сургуульд суралцана гэсэн ойлголтыг цэцэрлэгийн үетэйгээ адил буюу тоглож наадаж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг гэж бодох нь бий. Улмаар сэтгэл санааны бэлтгэлгүй байснаар хичээлдээ анхаарлаа бүрэн хандуулж чадалгүй халширч, удаан сууж сураагүй учир залхаж, сургуульд явах дургүй болох сөрөг тал ажиглагддаг. Тиймээс та одооноос дараах зөвлөмжийг хэрэгжүүлэхэд илүүдэхгүй л болов уу.
Сургуульд орохоос өмнө:
1. ЭХЭНДЭЭ ТИЙМ Ч АМАР БИШ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
“Би сургуульд явчихсан шүү дээ. Одоо дахиж явахгүй” энэ бол хоёр дахь долоо хоногтоо сургуульд явах гэж байгаа сурагчийн үг. Магадгүй таны хүүхэд ч ингэж хэлж мэднэ. Тиймээс та түүнтэй хүмүүс яагаад сургуульд явдаг, сургуульд явснаар ямар ач холбогдолтой (шинэ найз нөхөдтэй болох, олон зүйл сурч ирээдүйд мэдлэгтэй хүн болох гэх мэтээр тайлбарлаж болно) зэргийг ярилцах нь илүү үр дүнтэй. Яагаад, ямар учраас сурч байгаагаа мэдэх нь таны хүүхэд хичээлийн эхний өдрөөс эхлэн элдэв бэрхшээлд нугарах нь бага шүү дээ.
2. ХҮҮХДЭДЭЭ ӨӨРИЙН ДУРСАМЖАА ЯРЬЖ ӨГӨӨРЭЙ
Өөрийн бага ангийн гэрэл зургаа түүнд үзүүлж анх сургуульд ороход ямар байсан, хүүхдүүдтэй хэрхэн найзууд болсон гээд гэгээлэг дурсамжаа хуваалцаарай. Мөн хүүхдэдээ сургуулийг нь биечлэн танилцуулж, анги танхимыг нь үзүүлж болно.
3. СУРГУУЛИЙН ДҮРЭМ ЖУРМЫН ТАЛААР ОЙЛГУУЛААРАЙ
Хүүхэд цэцэрлэг, гэртээ байдаг шиг сургуулийн орчныг мөн чөлөөтэй, гүйж харайж болдог гэж ойлгодог. Харин сургуульд дүрэм журам гэж байдгийг ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, охидын үснээс зулгааж болохгүй, багш юм зааж байхад анхааралтай сонсох хэрэгтэй гэх мэт энгийн зүйлсийг зөвлөөрэй. Гэхдээ хэт ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн шаардлага хүүхдийг баригдмал болгох талтай байдаг тул дүрэм журам гэдэг нь муу зүйл биш гэдэг талаас нь ойлгуулах нь чухал юм.
4. БИЕ ДААХ БАЙДЛЫГ НЬ ТӨЛӨВШҮҮЛЭЭРЭЙ
Байнга л үймүүлж, тоглож нааддаг үр тань өдөрт багагүй цагаар сандал дээр суух хэрэгтэй болно. Энэ нь тэдэнд маш хэцүү санагддаг. Тиймээс та одооноос бага багаар дасгаж зураг, дүрс зуруулан өдөрт нэг цаг суулгаж байхыг хичээгээрэй. Ингэснээр таны хүүхэд хичээлдээ сууж сурчихсан, багшийн үгийг бүрэн сонсох давуу талтай болно. Мөн өглөө эрт босгож, бие даан бие засаж сургах, хувцас гутлаа өмсөх, үдээсээ үдэх зэргийг өөрөөр нь хийлгэж сургасан байх хэрэгтэй. Мөн бусдаас санаа зоволгүй хэлье гэснээ хэлж, ариун цэврийн өрөө ормоор санагдвал багшдаа хэлэхийг сануулаарай.
5. БУСАД ХҮҮХЭДТЭЙ ЭВТЭЙ НАЙРТАЙ БАЙХЫГ ЗӨВЛӨӨРЭЙ
Таны хүүхэд айлын ганц эсвэл бага зэрэг харамч бол энэхүү зөвлөгөөг бүр сайн хэрэгжүүлэхийг зориорой. Ангийн хүүхэд нь баллуураа хэрэглүүлэхийг хүсвэл найрсгаар зөвшөөрөх хэрэгтэйг түүнд сануулаарай. Учир нь бусадтай юмаа хуваалцаж сураагүй эсвэл зожигдуу өссөн хүүхэд ангидаа найз нөхөдгүй ганцаардмал нэгэн болж түүнээс үүдэж сургуульд явах дургүй болдог. Хичээлийн анхны өдрөөс эхлэн бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх хэрэгтэйг хүүхдэдээ зөвлөөрэй.