fbpx

Мэдээ, мэдээлэл

Хүүхэд харах үйлчилгээний асуудлаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодруулахад “Хүүхэд харах үйлчилгээний хууль 2015 онд батлагдаад, 2016-2017 онд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хариуцдаг байсан.

Харин 2018 оноос Боловсролын яам хүүхэд харах үйлчилгээг хариуцаж буй юм. Энэ жилийн хувьд төсөвгүй гэх шалтгаанаар тодорхойгүй байдалд байсан.

Сая төсвийн тодотголоор мөнгө нь батлагдаад Боловсролын сайдын тушаалаар хүүхэд харах үйлчилгээ эхлүүлэх бэлтгэлийг хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэгт яамны холбогдох газрууд болон Монголын хүүхэд эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байгаа. Шат шатны байгууллагууд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан яамнаас “Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг батлах гэж байна. Нийслэл, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах төвүүд халдваргүйжилт, аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр орчин нөхцөл бүрдсэн газрууд үйлчилгээгээ эхлүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

2020-2021 оны хичээлийн жилд 309,670 хүүхэд цэцэрлэгт хамрагдах бөгөөд үүний 77235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад бие бялдрын онцлогийг анхаарчээ. 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Хоёр настнуудын дархлаа сул учир өвчлөмтгий байдаг. Иймээс хүүхэд харах үйлчилгээнд зөвхөн хоёр настнуудыг хамруулах юм.

Хүүхэд харах үйлчилгээний төвд нэг хүүхдэд 2,5 ам.метр талбай оногдохоор баримжаалж, нэг хүүхэд харагчид 5 хүүхэд хамруулах, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхыг түр журамд тусгажээ. Мөн хүүхэд харах төвүүдэд хүүхдүүдийн халууныг өглөө бүр ирэхэд нь үзэж, гарыг нь ариутгах, гэр цэцэрлэгийн хооронд заавал амны хаалт зүүх шаардлага тавих, ариутгал цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийнэ.

“Зөвхөн цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж бид маш олон бэлтгэл хийсэн. Хүүхэд харах үйлчилгээ бол тэрнээс өөр, маш онцлог. Энэ бол сургуулийн өмнөх боловсрол олгодоггүй хүүхдийг асрах, тоглуулах, хамгаалах үйлчилгээ. 18-60 хүртэлх насны, бүрэн дундаас дээш боловсролтой иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно гэж хуульд заасан. Сум дүүргийн Засаг дарга нар хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүүхэд харах үйлчилгээнд хоёр настнуудыг хамруулах гэж байгаа энэ нөхцөл байдал холбогдох байгууллагуудаас, хүүхэд харагч болон эцэг эхчүүдээс маш их хариуцлага шаардаж байна. Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдээ өгөхдөө эцэг эх болон хүүхэд харагч хоорондоо гэрээ байгуулдаг. Эцэг эхчүүд хүүхэд харах төвийг сонгохдоо маш хариуцлагатай байх хэрэгтэй” гэж Ж.Мягмар хэллээ.

X
Нэвтрэх