fbpx

Мэдээ, мэдээлэл

image

Хүүхэд усанд оруулах амаргүй гэдэгтэй дийлэнх эцэг эхчүүд санал нэгдэх болов уу. Нэн ялангуяа сууж сурахын зэрэгцээ үймүүлж ч сурсан насны хүүхдийг усанд оруулна гэдэг хэцүү. Тиймдээ ч бид биеийг нь угаах явцад хүүхдээ саатуулахын тулд янз бүрийн хөвдөг тоглоомуудыг ашигладаг. Гэвч өнгөрсөн сарын сүүлээр нэгэн залуухан ээж өөрт тохиолдсон аймшигт түүхээ олон нийтийн сүлжээнд байршуулсан нь олон эцэг эхчүүдийн анхаарлыг татсан юм.

"Ой гарантай жаал хүү усанд хөвдөг, резинэн тоглоомоороо тоглож байгаад тоглоомон доторх усыг нь нүд рүүгээ санамсаргүйгээр шүршчихсэн гэнэ. Тухайн үед хүүгийн нүдэнд нэг их өөрчлөлт ажиглагдаагүй учир унтуулчихаад, маргааш өглөө нь өрөө рүү нь ортол хүүгийн нүд аймшигтай хавдчихсан байсан аж. 

Бүсгүй хүүгээ шуудхан эмнэлэг рүү авч яваад эмчид үзүүлтэл зүгээр л "нүд улайсан" гэсэн онош тавиад нүдний дусаалга дусаахыг зөвлөсөн байна. Бүсгүй гэртээ ирээд хүүгийнхээ нүдэнд дусаалгыг дусаасны дараа нөхцөл байдал улам дордсон аж. Ингээд шөнө буцаад л эмнэлэгт үзүүлтэл хүүгийнх нь нүд "архаг үрэвссэн" гэсэн оноштой байсан ба маш хүчтэй антибиотикууд уух шаардлагатай болсон байна".

Эмч нарын хэлж буйгаар нөхцөл байдал жаахан л буруугаар эргэсэн бол үрэвсэл хүүгийн зөвхөн хараанд ч нөлөөлөөд зогсохгүй тархинд нь ч нөлөөлж болох байсан аж. Аз болоход эмчийн бичиж өгсөн эмийг хугацаанд нь уусны ачаар хараагүй болох аюулаас аврагдаж чаджээ.

Швейцарь улсын Усны Шинжлэх Ухаан, Технологийн Хүрээлэнгийн микробиологич Фредрик Хаммесаар удирдуулсан судалгааны багийнхан 2018 онд усанд хөвдөг, резинэн тоглоомуудад эрүүл ахуйн судалгаа хийсэн байдаг. Тэд хөвдөг тоглоомуудыг голоор нь зүсэж, доторх хэсгийг нь шинжлэхэд нийт тоглоомын дийлэнх нь буюу 80 гаруй хувь нь гэдэсний савханцар, легионелла зэрэг бактериудаар бохирдсон байжээ.

Тиймээс мэргэжилтнүүд энэ төрлийн тоглоомыг сонгохдоо дотор нь ус нэвтрэх боломжгүй, нүхгүйг нь сонгохыг зөвлөдөг байна.

Эх сурвалж: Yahoo

X
Нэвтрэх