fbpx

Нярай

image

Дутуу төрсөн нярайд өдөр бүр массаж хийж өгснөөр бие махбод нь хурдан хугацаанд тэнхэрч, өсөлт хөгжилтөд нь эерэгээр нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ. Гэхдээ энэ нь зөвхөн дутуу төрсөн нярайд ч биш, бүхий л нярайд хэрэгтэй юм. Ингээд энэхүү нийтлэлээрээ эцэг эхчүүдийн хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө төдийлөн хийгээд байдаггүй долоон зүйлсийг танилцуулж байна.

1. СТРЕСС ТАЙЛАХ МАССАЖ ХИЙХ

Зарим эцэг эхчүүд нярай хүүхдийнхээ гарын алга, хөлийн улыг нь үрж өгдөг. Хүүхэд уг үйлдэлд хариу үзүүлэх төрөлхийн рефлекстэй байдаг бөгөөд эдгээр хэсгүүдэд нь массаж хийж өгвөл нярай илүү их тайвширч, амардаг.

Хэрхэн хийх вэ?

  • Дулаахан орчинд хүүхдийнхээ хөлийг үрж, бүлээн байлгах хэрэгтэй
  • Хөлийнх нь уланд хоёр эрхий хуруугаараа зөөлхөн массажлах бөгөөд хүүхдийнхээ ямар хариу үйлдэл үзүүлэхийг анхаараарай
  • Хүүхдээ амраахын тулд өдөр бүр энэ массажийг хийж өгч байгаарай.

2. ХҮҮХДИЙНХЭЭ СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЬ ДЭМЖИХ

Эцэг эхчүүд нярай хүүхдээ үргэлж л хайрлаж халамжилж байгаа юм шиг боловч үүнийгээ өдөрт хэр их давтамжтай хийж байгаагаа тооцоолоод үзээрэй. Вашингтоны Анагаах Ухааны Их Сургуулийн судлаачид хамтран нэгэн судалгааг явуулсан бөгөөд судалгааны үр дүнд эх хүний хүүхдэдээ тавьж буй анхаарал халамж, хайр энхрийлэл хүүхдийнх нь тархины хөгжилд эерэгээр нөлөөлж байгааг тогтоосон байна. Тиймээс хүүхэд тань хүний хэлсэн үгэнд хариу үйлдэл үзүүлж сураагүй, хэлд ороогүй байсан ч байнга ярилцаж, энхрийлж байгаарай.

3. ТАЙВШРУУЛАХ МАССАЖ ХИЙЖ ӨГӨХ

Бид массаж хийлгэхэд биеийн алжаал тайлагдаж, нөгөөтээгүүр сэтгэл санаа ч тайвширдаг шүү дээ. Тэгвэл массаж нь зөвхөн насанд хүрэгчдэд ч бус, нярай хүүхдэд ч эерэг нөлөө үзүүлдэг байна. Бяцхан үрдээ массаж хийж өгснөөр хүүхдийн өсөлт, хөгжилтөд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн тэднийг тайвшруулж, стрессийн түвшинг нь ч бууруулдаг.

Хэрхэн массаж хийх вэ?

  • Нярайг доош харуулж хэвтүүлээд нуруунаас нь хөл хүртэл нь зөөлхөн иллэг хийгээрэй.
  • Мөн хүүхдээ нуруугаар нь хэвтүүлээд дээрхийн адилаар алгуурхан иллэг хийх хэрэгтэй. Ингэхдээ хүүхдийнхээ нүд рүү харж, ярилцах нь чухал шүү. Ингэснээр хүүхэд тань аюулгүй орчинд байгаа гэдгээ мэдэрч тайвшрах болно.
  • Хэрэв таны хүүхдэд ийм төрлийн массаж таалагдсан бол өдөр бүр хийж өгч болно. Мөн хүүхдэд массаж хийхэд зориулсан зориулалтын тос худалдаж авч, туршиж үзэж болох юм. Харин хэрэглэхээсээ өмнө харшил өгөх эсэхийг нь шалгахын тулд багахан хэсэгт нь түрхэж массажлаарай.

4. ХҮҮХДИЙНХЭЭ БУЛЧИНГИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХИЙН ТУЛД ‘TUMMY TIME’ ХИЙХ

"Tummy time" буюу хэвлийгээр нь хэвтүүлэх дасгалыг зөвхөн хөгжилдөх гэж хийдэг зүйл биш аж. Энэ нь хүүхдийн булчингийн хөгжлийг дэмждэг бөгөөд нярай хүүхэд хурдан хугацаанд мөлхөж, сууж сурдаг.

  • Төрөөд удаахгүй нярайг ч мөн өөрийнхөө цээжин дээр богино хугацаанд хэвтүүлээрэй.
  • Өдөр бүр хийх бөгөөд хийдээ хугацааг нь бага багаар уртасгах хэрэгтэй.

5. МАШИН БАРИХДАА ХҮҮХДЭЭ УНТУУЛАХ

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхэдтэйгээ хамт машинаар явж байгаа бол машинаа зөөлөн, анхаарал болгоомжтойгоор жолоодож, тэдэнд унтаж амрах боломжийг нь олгох хэрэгтэй аж. Хүүхэд машины хөдөлгөөнд бүүвэйлэгддэг бөгөөд эхийн хэвлийд байгаа мэт амар тайван байдлыг мэдэрдэг байна.

6. ШУМУУЛ БОЛОН БУСАД ХОРХОЙ ШАВЖИД ХАЗУУЛАХААС СЭРГИЙЛЭХ

Бяцхан үрээ шумуул болон бусад шавжид хазуулахыг хэн хүсэх билээ. Хэдий хамгаалсан ч хаа нэг газраа хазуулчихсан л байдаг шүү дээ. Энэ тохиолдолд шумуулд хазуулсан хэсгийг сода ашиглан эмчлэх боломжтой гэнэ. Ингэхдээ нэг халбага содыг бага зэрэг устай хольж шингэвтэр зуурмаг бэлтгэнэ. Зуурмаг оо шиг хэт өтгөн байж болохгүйг анхаараарай. Зуурмагаа шумуулд хазуулсан хэсэгт түрхээд 10-20 минутын дараа бүлээн алчуураар арчин аваарай.

7. УЙЛАХ БҮРД НЬ УГЖИХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ

Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ уйлахад нь угжаар угжих гэж оролддог. Гэвч мэргэжлийн эмч нар үүнийг тийм ч зөв зүйл биш гэж үздэг байна. Мөн Харвардын Их Сургуулийн судлаачдын зүгээс “хүүхэд уйлах бүрд хооллох гэж яарах хэрэггүй. Энэ нь эргээд хүүхдийг эрүүл бус хооллолтын хэв маягтай болгож мэдэх юм” гэжээ. Тиймээс уйлах үед нь ярилцаж, бүүвэйлж тайвшруулаарай.

Эх сурвалж: Bright Side

X
Нэвтрэх