fbpx

Эрүүл ахуй

Хүүхдийн биед иллэг хийснээр хүүхэд тайвширч, шөнийн турш бат бөх нойрсдогоос гадна стрессийн түвшин нь буурч, уйлах нь багасдаг байна. Ингээд иллэг хийх цуврал зөвлөгөөнийхөө эхний дугаарт хүүхдийн хөлд иллэг хийхэд анхаарах зүйлсийг хүргэж байна.

/Жич: Хүүхэд тань ямар нэгэн онцгой нөхцөл байдал бүхий өвчинтэй бол иллэг хийхийн өмнө мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах шаардлагатайг анхаарна уу./

БЭЛТГЭЛ:

Хүүхдэдээ иллэг хийхээс өмнө дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:

  • Зөв цагийг хүлээх: Иллэг хийх зөв цаг гэж юу вэ? Энэ бол хүүхэд өөр лүү тань ширтэж, тайвшрах үе. Хүүхдээ хөхөөр хооллосноос дор хаяж 45 минутын дараа иллэг хийхэд тохиромжтой байдаг.
  • Газрыг нь бэлдэх: Дулаан хэмтэй өрөөнд тэгшхэн гадаргуу дээр даавуу дэвсээрэй. Шал, ор, ширээ зэргийн аль нь ч байж болно. Хамгийн гол нь дэвсэх гэж буй даавуу тань зузаан алчуур эсвэл хөнжил байвал хүүхдийн биед тухтай байх болно.
  • Хүүхдээ дээш нь харуулж хэвтүүл: Ингэснээр та хүүхдийнхээ нүд рүү харж, тайвшруулах эсвэл хөгжөөх боломжтой.
  • Хүүхдийн хувцсыг тайлна.
  • Тос сонгох: Иллэгийг тостой хийх үү, тосгүй хийх үү гэдэг нь таны дур. Гэхдээ тостой хийх бол тухайн тос үнэргүй, хүүхдийн арьсанд харшил өгөхөөргүй байх тал дээр анхаараарай.
  • Бэлэн эсэхийг шалгах: Ингээд бэлтгэлээ хангасан бол хүүхдээсээ зөвшөөрөл аваарай. Өөрөөр хэлбэл гарын алган дээр тосоо аваад, хооронд нь үрж бүлээсгээд хүүхдийнхээ гэдэс болон чихний ард түрхээрэй. Хүүхэд дургүйцэж байвал иллэг хийлгэх цаг нь болоогүй байна гэсэн үг. Харин ямар нэгэн эсэргүүцсэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал иллэг хийх боломжтой байна.

АЛХАМ 1: Юун түрүүнд хүүхдийн хөлийн улыг өсгийнөөс хөлийн хуруу хүртэл дээшээ чиглэлтэй илээрэй. Үүний дараа зурагт үзүүлсэн шиг тойрог хэлбэрээр массажлаарай. /Дасгал тус бүрийг 8 тоотоор 3 удаа хийнэ./

АЛХАМ 2: Харин дараа нь хүүхдийнхээ өсгийнөөс бариад гэдэс рүү нь зөөлөн түлхээрэй. /Дасгалыг 8 тоотоор 3 удаа хийнэ./

АЛХАМ 3: Хамгийн сүүлд нь хүүхдийнхээ хөлийг нойтон алчуурын усыг мушгиж буй мэтээр /гэхдээ маш зөөлнөөр/ базах маягаар массажлаарай. /Дасгалыг 8 тоотоор 3 удаа хийнэ./

Дараагийн дугаарт хүүхдийн гарт хэрхэн иллэг хийх талаар зөвлөгөөг хүргэх болно.

Эх сурвалж: 5-Minute Crafts

X
Нэвтрэх